Эрүүл улс төр үзмээр байна
2026-03-26

Олон нийтийн эрх ашгийн төлөө шинэ санаа, бодлого шийдлээ танилцуулдаг, бодитоор судалгаа шинжилгээ хийж, түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө өрсөлддөг, эхлүүлсэн ажлынхаа үр дүнгээр ажлаа тайлагнадаг, дүнгээ тавиулдаг эрүүл улс төр үзмээр байна. Монголын улс төрийн намууд дөрвөн жилд нэг удаа мөрийн хөтөлбөр гэх “мөрөөдлийн жагсаалт” танилцуулан сонгуульд оролцдог ч бусад үед нь эрүүл улс төр, бодлого шийдлийн өрсөлдөөн огт алга байна. Амьдралд тулгамдсан асуудал бүр дээр эрх баригчид бодлогоо танилцуулж, сөрөг хүчин нь байр сууриа илэрхийлж хамгийн зөв оновчтой шийдлийг олоод цаг ямагт урагшлах ёстой. Жишээ нь өнөөдөр Туул голын асуудал олон нийтийн анхаарлын төвд байна. Үүн дээр намууд байр сууриа илэрхийлж, мэргэжлийн хүмүүстэйгээ хамтран бодлого шийдлээ танилцуулан мэтгэлцэж, зөв алхам хийх нь чухал. Ийм зүйл дээр улс төрчид, улс төрийн намууд өөрсдөө оройлон оролцож, манлайлдаг эрүүл улс төр үзмээр байна.

Харин өнөөдөр бид санаа шийдлээр өрсөлдөхийн оронд хүн ярьж, хэн нэгнийг буруутган шүүдэг бохир улс төрийн нэг хэсэг болжээ. Худал мэдээлэл, хувь хүмүүсийн өш хонзонгийн сэдэл, айдас түгшүүрийн мэдрэмжтэй бохир улс төрийн хар ангал руу унаж байна. Сүүлдээ олон нийтэд улс төрийн бүлэглэл хоорондын тэмцэл, улс төрчдийн бие биенийгээ буруутган шүүхээс залхаж эхэллээ. Улс төрөөс илүү хоолойд нь тулсан ахуй амьдрал нь чухал байна. Үнэндээ залхсан.

Олон жил үргэлжилсэн ийм тогтворгүй байдал иргэдийн итгэл найдварыг үгүй хийж, улс төрчдийн талцал хуваагдал нь зөвшилцөх боломжийг хязгаарлаж, засаглалын хямралд шилждэг. Монгол Улс яг ийм нөхцөл байдалд аль хэдийн орчихсон. Гэвч улс төрчдийн дайн дуусахгүй байна. Ийм байдлаар удаан үргэлжилбэл, улс төрийн талцал маргаан цахим орчноос гудамж, талбайд шилжин нийгмийн эмх замбараагүй байдал үүсч, ардчилсан тогтолцоонд аюул учрах эрсдэлтэй.

Эцэст нь ийм байдалд орохгүй тулд дайсан тодруулдаг улс төрчдөөсөө салах нь цаг нь болжээ. Хууль хяналтын байгууллага нь хараат бусаар ажиллаж, улс төрчид бодлого шийдлээ ярьдаг эрүүл улс төр үзье. Ингэхийн тулд бид одоо дүнг нь тавьж өгөх ёстой. Ирэх жил ерөнхийлөгчийн сонгууль, дараа жил нь их хурлын сонгууль болно. Үргэлжийн хэрүүл тэмцэл хийдэг хэдээсээ салж, эрүүл улс төр үзмээр байна.

Сэтгэгдэл