
Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 48 дугаар тогтоолоор газрын хэвлийн баялгийн өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх, уг сангийн орлогыг нэмэгдүүлэх, хөрөнгийг арвижуулах, зүй зохистой зарцуулах асуудлыг шийдвэрлэх арга замын талаар иргэдтэй зөвлөлдөх, зөвшилцлийг хангах зорилгоор Зөвлөлдөх санал асуулга явуулахаар шийдвэрлэсэн.
Зөвлөлдөх санал асуулга зохион байгуулах ажлын явцын талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

Зөвлөлдөх санал асуулгын нэгдүгээр үе шатыг энэ сарын 27-ноос дөрөвдүгээр сарын 03-нд Үндэсний статистикийн хороотой хамтран орон даяар, хоёрдугаар үе шатыг ирэх сарын 11-12-нд Улаанбаатар хотод Төрийн ордны Их танхимд тус тус зохион байгуулна.
Бэлтгэл ажлын хүрээнд "Баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг энэ сарын 17-нд зохион байгуулж, холбогдох салбарын эрдэмтэн, судлаач, бодлого боловсруулагчид оролцсон. Уул уурхайн салбарын төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлгийг энэ сарын 26-нд, банк, санхүүгийн салбар болон залуу эрдэмтэн, судлаачдын оролцоотой хэлэлцүүлгийг 27-нд зохион байгуулж, Үндэсний баялгийн сангийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, сайжруулах боломж, шийдлийн талаар санал солилцоно.