Түр нэртэй ч хоёр жилийн хугацаатай томилгоо
2022-02-23

       2020 оны УИХ-ын сонгуулийн дараа байгуулагдсан, У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед “төрийн албаны түр томилгоо” гэх үг “моод” болсон. Улмаар Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед ч эрчээ авав. Уг нь чадахуйн (мерит) зарчимд тулгуурласан, тогтвортой төрийн албыг бэхжүүлэх зорилгоор Төрийн албаны тухай хуулийг шинэчлэн, 2019 оноос мөрдөж эхэлсэн. Гэвч үүний “сүр хүч” нь “Цар тахлын хууль”-ийг 2020 оны дөрөвдүгээр сард баталснаар үндсэндээ үгүй болсон юм. Товчхон тайлбарлъя.         

         Төрийн албаны тухай хуульд төрийн албаны ангилал, зэрэглэлийг тогтоож, төдөөс дээш, тэр дундаа тийм албан тушаалд төдөн жил ажилласан, мэргэшүүлэх багц сургалтад хамрагдсан, мэргэшил, туршлагатай, ерөнхий болон тусгай шалгалт өгч тэнцсэн, сонгон шалгаруулалтын дүнд хамгийн өндөр оноо авсан хүмүүсийг тухайн удирдах албан тушаалд томилохоор заасан байдаг. Ингэснээр төрийн албаны шатлан дэвших зарчим хангагдана, үр дүнд нь туршлагатай, чадвартай нь ажиллана гэж хууль тогтоогчид үзэж байв. Улмаар танил талаа ашиглан төрд “шургалдаг” байдлыг ч таслан зогсооно гэж зорьсон түүхтэй.   

      Гэвч Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай нэртэй “Цар тахлын хууль”-ийг батлахдаа дээрх нөхцөлийг үгүй хийх заалт тусгасан нь харамсмаар. Тодруулбал, уг хуулийн 3.2-т “Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, УИХ-ын сонгуулийн тухай хууль, Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулиас бусад хуулийн дагуу олон нийтийг биечлэн хамруулах арга хэмжээг зохион байгуулах, албан тушаалтныг сонгон шалгаруулахаар хуульчилсан зохицуулалтыг энэ хуулийн үйлчлэл зогссон өдрөөс эхлэн тухайн хуульд заасан хугацааг баримтлан хэрэгжүүлнэ” гэж заасан байдаг.

       Цар тахал дэлхий нийтэд дэгдэж, айдас хүйдсээр дарагдсан тийм үеийг хууль тогтоогчид “овжноор” ашиглан, төрийн албанд сонгон шалгаруулалтгүйгээр томилох боломжийг сэм бүрдүүлсэн нь энэ. Үүний үр дүнд 1000 гаруй хүнийг шалгалтгүйгээр томилсон мэдээ байна.

       Төрийн албаны зөвлөлөөс ikon.mn сайтад өнгөрсөн сард өгсөн ярилцлагад “973 төрийн байгууллагын удирдах албан тушаалд 1036 албан хаагчийг сонгон шалгаруулалтгүйгээр томилсон байна. Төрийн албаны тусгай болон үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн сонгон шалгаруулалтыг өнгөрсөн хугацаанд эрчимтэй зохион байгуулсан. Үүний үр дүнд 409 удирдах албан тушаалын томилгоог хуульд нийцүүллээ. Мөн хууль бус 95 томилгооны шийдвэрийг хүчингүй болгосон. Одоо шийдэгдээгүй 532 томилгооны асуудал бий” гэж дурджээ.

 

Хуулийн үйлчлэх хугацааг сунгахдаа холбогдох заалтыг яагаад хассангүй вэ

 

        Дээрх урт нэртэй хуулийг 2020 онд батлахдаа тухайн оныг дуустал дагаж мөрдөх нэг удаагийн хууль гэж тодорхойлж байв. Гэвч үүнээс хойш үйлчлэх хугацааг нь гурван удаа сунгаснаар 2022 оныг дуустал дагаж мөрдөхөөр боллоо. Уг хуулиар зохицуулж буй бусад харилцааг авч үзвэл үйлчлэх хугацааг нь сунгах шаардлагатай байж болно. Харин төрийн албаны сонгон шалгаруулалттай холбоотой заалтыг хассангүй вэ.

Нэгдүгээрт, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан олон хүнийг нэг дор бөөгнөрүүлэхгүй байх үүднээс  “Цар тахлын хууль”-д дээрх заалтыг оруулсан гэж бодъё. Тэгвэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг энэ сарын 14-нд цуцалсан. Тэглээ ч олон хүнийг нэг дор цуглуулсан өч төчнөөн үйл ажиллагааг Засгийн газраас ч, хувийн хэвшлийнхэн ч тэр зохион байгуулсаар ирлээ. Гэтэл сонгон шалгаруулалтгүйгээр буюу шалгалт авч, ярилцлагад оруулалгүйгээр төрийн албанд томилгоо хийх боломжтой заалтыг яагаад хасахгүй байна вэ.   

Хоёрдугаарт, цар тахлын хүнд үед сонгон шалгаруулалт явуулсны үндсэн дээр томилгоо хийх нь цаг хугацаа их алдаж байгаа тул яаралтай горимоор ийнхүү зохицуулах шаардлага үүссэн гэж бодъё. Тэгвэл тодорхой албан тушаалтнуудыг түр томилж, тэдгээр нь үүргээ гүйцэтгэж байх хугацаанд нь сонгон шалгаруулалтаа зохион байгуулж болохгүй хэрэг үү. Үнэндээ “түр томилгоо” нэртэй ч бүхэл бүтэн хоёр жилийн хугацаатай ажилласаар л байна.

 

Шаардлагын 50 байтугай таван хувийг ч биелүүлэхгүй хүмүүс “төрд шургалжээ”

 

       “Цар тахлын хууль”-ийн сонгон шалгаруулалтгүй томилох заалтыг ашиглан түр томилогдсон албан тушаалтнуудыг доор жагсаав. Тэдний зарим нь “жинхлэгдсэн”. Учир нь тухайн албан тушаалд сонгон шалгаруулалт явуулахад түр томилогдсон хүмүүс нь шалгалтаа өгч, тэнцсэн гэх юм билээ. Сайд, дэд сайд нь төрийн улс төрийн албан тушаал учир Төрийн албаны тухай хуулийн сонгон шалгаруулалттай холбоотой зохицуулалт тэдэнд үйлчлэхгүй. Харин яамдын Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагийн дарга нар нь дээрх хуульд зааснаар төрийн захиргааны албан тушаалуудаас хамгийн том нь буюу тэргүүн түшмэлийн ангилалд хамаарна. Тус албан тушаалд төрийн албанд 16, үүнээс эрхэлсэн түшмэлээр  наймаас доошгүй жил ажилласан хүнийг томилох хуультай.   

         Төрийн албаны тухай хуулийг эсэргүүцдэг гишүүд бий. Тэдний төлөөлөл хэлэхдээ “Төрд олон жил ажилласан хүн л ангилал, зэрэг дэв ахих боломжтой. Гадаадад суралцсан, мэдлэг боловсролтой залуус төрийн албанд ажиллах гэхээр ажилласан жил, туршлага шаарддаг учраас энэ нь “чөдөр тушаа” болдог. Залуусынхаа мэдлэг, чадварыг ашиглая гэвэл шаталсан зарчмаар албан тушаал ахиулдаг зохицуулалтаа болих хэрэгтэй” гэж тайлбарладаг. Гэхдээ ийм боломжийг олгосон заалт Төрийн албаны тухай хуульд бий. Тодруулбал, ажилласан жилийг тогтоосон тусгай шаардлагын 50 хувийг хангасан төрийн албан хаагчийг үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, ёс зүй, мэргэшил, туршлага, ур чадварыг харгалзан хугацаанаас өмнө шатлан дэвшүүлж болно гэж заасан байдаг. Гэвч шаардлагын 50 байтугай таван хувийг ч биелүүлэхгүй хүмүүс “төрд шургалсан” тохиолдол цөөнгүй.  

   

Төрийн албаны шаардлагаа “зөөлрүүлэхээр” оролдсон нь

 

      Дэлхийд эрэмбээрээ эхний 100-д багтдаг, гадаадын шилдэг сургуулийг төгссөн хүмүүсийг Засгийн газраас төрийн захиргааны албан тушаалд томилсон. Тухайлбал, ЗГХЭГ-ын дэд дарга асан, ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонго, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга асан, ХХМТГ-ын Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэж буй Б.Болор-Эрдэнэ зэргийг дурдаж болно. Тэднийг төрийн удирдах албан тушаалд түр биш “жинхнээсээ” томилоход  Төрийн албаны тухай хууль “саад” болж буй. Тиймээс дэлхийн шилдэг их, дээд сургууль төгсөгчдөд зориулж, Төрийн албаны тухай хуулийг шинэчлэх нь гэсэн шуум ч өнгөрсөн жил гарсан. Үүнийг Ё.Баатарбилэг гишүүн хийх гэж оролдсон ч олон нийтийн шүүмжлэлийн бай болсон удаатай. Товчхон хэлбэл, тэрбээр дэлхийн шилдэг их, дээд сургууль төгссөн хүмүүсийг ажилласан жил, туршлага шаардахгүйгээр төрийн албанд ажиллуулдаг болох хуулийн төслийг санаачилсан. Залуусыг, иргэдийг гадаадад их, дээд сургууль төгссөнөөр нь ялгаварлаж, тэгш бус байдал үүсгэх нь гэх эсэргүүцэлтэй нүүр тулсан төдийгүй энэ нь Үндсэн хуулийн зөрчил гэдгийг ч зарим судлаач тайлбарласнаар уг асуудал намжсан.  

       Засгийн газар өдгөө 16 яам, 36 агентлагтай. У.Хүрэлсүхийн Засгийн газар 2020 оны долдугаар сард байгуулагдахдаа 14 яам, 35 агентлагтай байв. 2021 оны нэгдүгээр сарын 21 хүртэл ажилласан тус Засгийн газрын үед Жижиг, дунд үйлдвэрийн газар, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар гэсэн хоёр агентлагийг нэмж байгуулсан. Харин Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын тэргүүнээр сонгогдсоноос (2021.01.29) хойш Үндэсний хөгжлийн газрыг Эдийн засаг, хөгжлийн яам, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрыг Цахим хөгжил, харилцаа холбооны яам болгон “томруулж”, нэг агентлагийг шинээр нэмсэн нь Боловсролын ерөнхий газар.    

        2020 оны долдугаар сарын 8-наас өнөөдрийг хүртэлх хугацаанд яамд, агентлагуудын удирдлагаар хэнийг хэзээ хэрхэн томилсон тухай мэдээллийг хавсаргав.  (Жич: Төрийн тусгай хамгаалалтын, Онцгой байдлын, Цагдаагийн, Тагнуулын, Хил хамгаалах, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын удирдлага нь төрийн тусгай албан тушаал бөгөөд тусгайлсан хуулийн зохицуулалт, холбогдох эрх бүхий албан тушаалтны санал болгосноор томилдгийг анхаарна уу)     

Албан тушаал

Томилогдсон хүний нэр

Сонгон шалгаруулалтад тэнцэж, “жинхэлсэн”, эсэх

Томилсон огноо

Тайлбар

Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга

С.Оюунбилэг

Тодорхойгүй

2021.09.15

2020.07.22-ноос тус хугацаанд Г.Эрдэнэбат түр томилогдон ажилласан.

ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга

Б.Насантогтох

Тийм

2020.08.12

2020.12.31-нд жинхлэв.

БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга

Д.Ганхуяг

Тодорхойгүй

2020.08.06

 

БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга

Л.Цэдэвсүрэн

Төрийн албаны зөвлөлөөс түүнийг “БШУ-ы сайдад томилогдохоос өмнө Төрийн нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалтад тэнцсэн” гэж мэдээлсэн

2021.10.20

2020.08.05-наас Б.Батбаатар БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар түр томилогдон ажилласан.

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга

Ц.Эрдэмбилэг

Тодорхойгүй

2021.02.10

Я.Амаржаргал 2020.08.12-ноос хойш тус хугацаанд хүртэл  уг албан тушаалд түр хугацаатай ажилласан.   

ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга

П.Сайнзориг

Тодорхойгүй

2022.01.19

2020.07.22-ноос тус хугацаанд хүртэл Б.Баасандорж уг албан тушаалд түр хугацаатай ажилласан.  

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга

Н.Анхбаяр

Тийм

2020.07.29

 

Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга

С.Мөнхнасан  

Тодорхойгүй

2021.11.24

 

Онцгой байдлын ерөнхий газрын дарга

Г.Ариунбуян

Албан тушаалд онцгой байдлын албанд 15-аас доошгүй жил, удирдах албан тушаалд 10-аас доошгүй жил ажилласан алба хаагчийг томилно.  

2020.07.16

 

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга

Т.Гантулга

Тодорхойгүй

2022.01.19

2020.08.19-нөөс тус хугацаанд Б.Бат-Эрдэнэ уг албан тушаалд түр хугацаатай ажилласан. Б.Бат-Эрдэнэ нь БОАЖ-ын сайдаар оны өмнөхөн томилогдсон.

Усны газрын дарга

Ш.Мягмар

Уг албан тушаалын сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлөөс өдгөө зарласан бөгөөд ирэх сарын 2, 3-нд материалыг нь хүлээн авна.

2020.09.04

 

Цагдаагийн ерөнхий газрын дарга

Ж.Болд

ХЗДХ-ийн сайдын санал болгосноор Засгийн газар томилно.  

2020.07.22

 

Гадаадын иргэн, харьяатын газрын дарга

Н.Ууганбаяр

Тийм

2020.08.06

2020.12.31-нд жинхлэв.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Б.Баасандорж

Тодорхойгүй

2022.01.25

2020 оны 07.29-нд Т.Гантулгыг тус газрын даргаар түр томилж, 2020.12.31-нд жинхэлсэн Т.Гантулга нь ШӨХТГ-ын даргаар 2022.01.12-нд томилогдсон.  

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга

Л.Бямбасүрэн

Тийм

2020.09.16

2021.02.10-нд жинхлэв

Тагнуулын ерөнхий газрын дарга

П.Одонбаатар

Ерөнхий сайд Ерөнхийлөгчтэй зөвшилцөн, Засгийн газар томилно.  

2020.09.02

 

Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга

Д.Дэлгэрсайхан

Уг албан тушаалын сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлөөс зарласан бөгөөд тэрбээр тэнцсэн, эсэх тухай мэдээлэл байхгүй байна.  

2020.08.05

 

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга

Б.Болор-Эрдэнэ

Үгүй

2020.07.22

Тус газрыг Цахим хөгжил, харилцаа холбооны яам болгон байгуулсан бөгөөд Б.Болор-Эрдэнэ нь Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 2022.01.06-наас хойш ажиллаж байна. Тэрбээр түр нэрээр төрийн өндөр албан тушаалд хоёр жил шахам хугацаанд ажиллаж байна.   

Үндэсний хөгжлийн газрын дарга

Х.Батжаргал

Үгүй  

2020.12.30  

Тус газрыг Эдийн засаг, хөгжлийн яам болгон байгуулсан бөгөөд Х.Батжаргал нь Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 2022.01.06-наас хойш ажиллаж байна. Тэрбээр түр нэрээр төрийн өндөр албан тушаалд хоёр жил шахам хугацаанд ажиллаж байна.    

Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга

Л.Алтангэрэл

ҮАБЗ-ийн гишүүдтэй зөвшилцөн, Ерөнхий сайд санал болгож, Засгийн газар томилно.

2021.08.11

 

Биеийн тамир, спортын улсын хорооны дарга

Ц.Шаравжамц

Тодорхойгүй

2020.08.19

 

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга

Б.Цэнгэл

Тодорхойгүй

2020.07.22

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга

Д.Загджав

ХЗДХ-ийн сайдын санал болгосноор Засгийн газар томилно.

2020.07.22

 

Оюуны өмчийн газрын дарга

Б.Энхсүх

Сонгон шалгаруулалт явуулсан бөгөөд тэрбээр тэнцсэн гэх мэдээллийг эх сурвалж өгсөн

2020.09.02

Б.Энхсүх нь 2021.06.30-нд Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон.  

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга

Э.Тамир

Тодорхойгүй

2020.09.17

 

Боловсролын ерөнхий газрын дарга

Т.Ням-Очир

Тодорхойгүй

2022.01.26

 

Соёл урлагийн газрын дарга

Ц.Нацагдолгор

Тодорхойгүй

2020.08.11

 

Ашигт малтмал, газрын тосны газрын дарга

Л.Баярмандал

Тодорхойгүй

2021.01.14

 

Үндэсний геологийн албаны дарга

О.Чулуун

Тодорхойгүй

2020.08.19

 

Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга

Д.Батчулуун

Тодорхойгүй

2022.02.16

 

Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга

Я.Эрдэнэсайхан

Тодорхойгүй

2020.08.19

 

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дарга

Б.Цэцэгсайхан

Тодорхойгүй

2021.09.20

 

 

 

 

Сэтгэгдэл