Г.Занданшатарыг унагасан таван шалтгаан
2026-03-30
  1. Хүлээн зөвшөөрөгдөөгүй удирдагч. УИХ-ын сонгуульд ялагдаж, олон нийтийн дэмжлэг авч чадаагүй ялагдсан улстөрч гэдэг нэр түүнийг Ерөнхий сайдаар томилогдох үеэс л дагаж эхэлсэн. Тодруулж хэлбэл, өөрийн хүчээр биш Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн улс төрийн дэмжлэгээр Ерөнхий сайд болсон гэх яриа нь оргүй зүйл биш. Өөрийн баг, дэмжлэггүй Ерөнхийлөгчид найдаж өдийг хүртэл явсан нь түүнийг улс төрийн тохироон дунд тэсэж үлдэх боломж олгосонгүй.

  2. ⚖️Сөрөг хүчний шахалт. Есөн сарын өмнө Ерөнхий сайд болоход нь дэмжсэн УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд гэнэт суурин дээрээ эргэж, эрх баригч намын дарга Засгийн газраа удирдах ёстой гэсэн зарчмын байр суурь илэрхийлж эхэлсэн нь бас нэгэн шалтаг болов. АН-ынхан УИХ-ын дарга Н.Учралыг огцрохоос нааш чуулганы хуралдаандаа суухгүй гэсэн нь зарчмын шаардлага гэж тайлбарласан ч тэдний шаардлага санамсаргүй зүйл биш гэдэг нь ойлгомжтой. Ямартай ч АН-ын бойкот, МАН-ын Амарбаясгалан, Оюун-Эрдэнэ нарын талд улс төрийн тохироо хийх маш том хүч болсныг бүгд харлаа.

  3. Нам доторх хагарал. Ардчилсан намынхан бойкот зарласан ч МАН дангаараа чуулганаа хуралдуулж, төрийн үйл ажиллагаа тасралтгүй үргэлжлэх бүрэн боломжтой байв. Гэвч экс УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд асан Оюун-Эрдэнэ нарыг дэмжигч гишүүд давхар бойкот хийв. Ийнхүү нам доторх хагарал засаглалын хямрал руу түлхсэн учраас хөөж явуулсан хэдтэйгээ тохиролцоонд орохоос аргагүй болсон нь тодорхой. Эцэст нь өөрөө бууж өгөв.

  4. Шүдээ сугалуулсан засаг. Г.Занданшатарын танхимын сайдууд нь түүнд нэмэр болохоос илүү нэрмээс болов. Хаврын чуулганы нээлтийн өдөр Боловсролын сайд П.Наранбаяр, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нар огцрох өргөдлөө өгсөн. Мөн сайд Б.Энхбаяр, Э.Бат-Амгалантай холбоотой дуулиан, шуугиан тасарсангүй. Энэ бүхэн эцэстээ Засгийн газрын чадамж, легитм байдалд нөлөө үзүүлсэн гэж хэлж болно.

  5. Сонгуулийн өмнөх тохироо. Г.Занданшатар өнгөрсөн баасан гарагийн өглөө өөрийн цахим хуудастаа “Хулгайтай би эвлэрэхгүй, ухрах тохирох ямар бодол алга” гэж бичсэн. Харин үдээс хойш нь өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өглөө. Ингэхдээ улс орноо хямралт нөхцөл байдлаас гаргахын тулд би өөрөө үлгэр жишээ үзүүлж, улс төрийн эр зориг гаргаж албан тушаалаасаа бууж байна гэж удаа дараа мэдэгдэв. Манай одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа дөнгөж төрсөн эмэгтэйг таавчигтай нь эмнэлгээс гаргаснаас болж огцрон, төрийн тэргүүн болох замаа зассан. Г.Занданшатар ч гэсэн ийм байдлаар Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх замаа зассан байж мэднэ.

    UIH.mn сайт долоо хоног бүрийн даваа гарагт улс төр, нийгмийн тойм "Newsletter"  хүргэж байна. Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

Сэтгэгдэл