
Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгыг хүлээлгэн өгөхдөө “Газрын хэвлийн баялгийн өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх, уг сангийн орлогыг нэмэгдүүлэх, хөрөнгийг арвижуулах, зүй зохистой зарцуулах асуудлыг шийдвэрлэх арга замын талаар иргэдтэй зөвлөлдөх, зөвшилцлийг хангах зорилгоор Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулж байна гэдгийг тэмдэглээд Зөвлөлдөх санал асуулгатай холбоотой материалуудыг хүлээлгэн өглөө.
Олон улсын геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалж газрын тосны зах зээл дээр эрэлт, нийлүүлэлтийн зөрүү, үнийн савлагаа үүсэж байгаа хэдий ч Монгол Улсад нийлүүлэх шатахууны үнийг нэмэхгүй тогтвортой байлгах тухай хүсэлтийг ОХУ-ын Засгийн газрын тэргүүн Михаил Мишустинд хүргүүлсэн. ОХУ-ын Засгийн газраас шатахууны үнийг тогтворжуулах хүсэлтийг ойрын хугацаанд шийдвэрлэнэ гэж хариу ирснийг уламжиллаа.

Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатарын төрийн их үйл хэрэгт нь амжилт хүслээ. Өнгөрсөн есөн сарын хугацаанд эдийн засгийг сэргээж, экспортыг нэмэгдүүлж, баялгийн сангийн хуулийг амилуулах чиглэлээр стратегийн ач холбогдолтой орд эзэмшигчтэй хэлэлцээрийг үр дүнд хүргэж, сэргэсэн эдийн засаг хүлээлгэж өгч буйд талархал илэрхийллээ.