Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай төслийн мэдээлэл сонслоо
2026-03-31

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр (2026.03.31) Улсын Хурлын 31 гишүүнээс 22 нь хүрэлцэн ирснээр ирц бүрдэж, Төрийн ордны “Их Засаг” танхимд 12 цаг 49 минутад хуралдаж эхэллээ. Хуралдаан даргалагч Р.Сэддорж ирц болон хэлэлцэх асуудлыг танилцуулав.

Хэлэлцэх асуудлын товтой холбогдуулан гишүүдээс ямар нэгэн санал гаргаагүй тул Байнгын хорооны хуралдаан Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр болон түүнд өөрчлөлт оруулах протоколын төсөлМонгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын “Эрчим хүч-4 төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийн төслийн хэлэлцүүлэг, татан буугдсан “Зоос банк” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн асуудлаар Монголбанкнаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээллийг сонссоноор үргэлжиллээ.

 

Монгол Улсын Засгийн газраас 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдөр зөвшилцөхөөр ирүүлсэн “Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх” тухай  Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын үүрэг гүйцэтгэгч Г.Дамдинням танилцуулав. Тэрбээр, өргөн уудам нутаг дэвсгэртэй, хүн амын суурьшил сийрэг, далайд гарцгүй манай орны хувьд агаарын тээврийн салбар нь гадаад ертөнцтэй холбогдох гол гарц болон үндэсний аюулгүй байдлын тулгуур хүчин зүйл болдог. Засгийн газраас агаарын харилцааг эдийн засгийн тэргүүлэх чиглэлд тооцон төрийн бодлогоор дэмжин ажиллаж байна. Өнөөгийн байдлаар манай улс агаарын хөлгийн түлшийг 100 хувь ОХУ-аас импортолдог бөгөөд сүүлийн 5 жилд ТС-1 агаарын хөлгийн түлшний хэрэглээ тогтмол өссөн үзүүлэлттэй байна. Тухайлбал, 2022 онд 38,492 тонн байсан бол 2025 онд 84,366 тоннд хүрч, хоёр дахин нэмэгдсэн. Монгол Улсад агаарын хөлгийн үйлчилгээг дотоодын 20, гадаадын 7, нийт 27 авиа компани эрхэлж, 2025 онд олон улсын чиглэлд 2,006,162, орон нутгийн чиглэлд 442,253 зорчигч тээвэрлээд байгаа. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 5-15 хувь өссөн үзүүлэлт юм. Ачаа тээврийн хувьд ч өсөн нэмэгдэх хандлагатай зэргийг харгалзан агаарын хөлгийн түлшний хэрэглээг зах зээлийн боломжит доод үнээр нийлүүлснээр хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хадгалах төдийгүй, тийзийн үнэ буурахад эерэг нөлөөтэй гэв. 

Монгол Улс хөрш улсуудтай хуурай боомтоор хиллэдэг, далайд гарцгүй орон тул агаарын тээвэр ач холбогдолтой. Агаарын хөлгийн түлшийг ОХУ-аас төмөр замаар Улаанбаатар хот хүртэл тээвэрлэх боломжтой. “Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулснаар түлшний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдал хангагдахын зэрэгцээ “Чингис хаан” олон улсын нисэх буудал болон агаарын тээврийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагуудад стандартад нийцсэн шатахуун нийлүүлэх боломж бүрдэх ач холбогдолтойг танилцууллаа. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа, Б.Уянга, Ч.Лодойсамбуу, М.Энхцэцэг нар асууж, үг хэлэв. Хэлэлцүүлсний дараа уг хэлэлцээрийг зөвшилцөхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон 21 гишүүнээс 14 буюу 66.7 хувь нь дэмжлээ. Байнгын хорооны санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Н.Батсүмбэрэл танилцуулахаар болов.


Байнгын хороо үргэлжлүүлэн Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын “Эрчим хүч-4 төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийн төсөл-ийг зөвшилцөх эсэх асуудлыг хэлэлцлээ. Төсөл санаачлагчийн танилцуулгыг Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б. Жавхлан илтгэв. Тэрбээр танилцуулгадаа, “Эрчим хүч-4” төсөл буюу Мандалговь-Арвайхээр чиглэлийн 220 кВ-ын 2 хэлхээт 287 км урт цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцыг өргөтгөх төсөл нь Шинэ сэргэлтийн бодлого, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан, өндөр ач холбогдолтой хэмээн онцоллоо.

Засгийн газраас энэхүү төслийг Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкны эх үүсвэрээр санхүүжүүлэхээр зээлийн хэлэлцээр хийсэн. Тус банкнаас олгох 78.0 сая ам.долларын зээлийн хөрөнгөөр төслийг хэрэгжүүлнэ. Зээлийн хугацаа 25 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 5 жил бөгөөд баталгаат овернайт санхүүжилтийн хүү (SOFR) дээр 1.4 хувийн нэмэгдэлтэй, хувьсах хүүтэй. Олон улсын гэрээний тухай хуулийн дагуу уг хэлэлцээр нь Монгол Улсын Их Хурал заавал соёрхон батлах гэрээний нэг болохыг, Өрийн удирдлагын тухай хуулийн 24.3-д заасны дагуу зээлийн хөрөнгийг эргэн төлөгдөх нөхцөлтэй, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-д дамжуулан зээлдүүлэхээр төлөвлөсөн талаар дурдлаа. 

Төслийн хүрээнд шинээр “Мандалговь-Арвайхээр” чиглэлийн 287 км урттай 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам болон “Өвөрхангай” дэд станцыг шинээр барих, “Баянхонгор”, “Арвайхээр”, “Мандалговь” дэд станцыг өргөтгөнө. Үр дүнд нь бүс нутгийн 50,000 гаруй хэрэглэгч цахилгаан эрчим хүчээр хангагдаж, хангайн болон баруун бүсийн аймгуудын хөгжлийн хөтөлбөрүүдийг эрчим хүчээр бүрэн хангах боломж бүрдэнэ гэж сайдын үүрэг гүйцэтгэгч танилцуулсан юм.

Хэлэлцээрийн төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Энхцэцэг зээлийн эргэн төлөлт, найдвартай байдал, үр дүнгийн талаар, Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай Мандалговиор дамжуулах болсон шалтгаан, валютын ханшийн зөрүүнээс үүсэх алдагдлыг тооцсон эсэх, хугацаандаа хэрэгжих боломжийн тухай тодруулж, байр сууриа илэрхийллээ.

Говийн бүсийн эрчим хүчийг хангайн бүстэй холбож, шинэ шугам татаж, эх үүсвэр бий болгох нь нийслэлд үүсэх ачааллаас бууруулах ач холбогдолтой хэмээн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Жавхлан тайлбарлав.  

Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа том зээллэгийн төсөл учраас Эдийн засаг, хөгжлийн яам, Эрчим хүчний яам оролцох ёстой гэв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пунсалмаа, уг асуудал нэг жилийн дараа хойшилж орж ирсэн шалтгааныг тодруулсан юм.

Ийн хэлэлцээд зээлийн хэлэлцээрийг зөвшилцөхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад, Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 59.1 хувь нь дэмжив. Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлж, Улсын Их Хурлын гишүүн П.Ганзориг танилцуулахаар тогтлоо.

Үүний дараа Эдийн засгийн байнгын хороо Улсын Их Хурлын гишүүн Ц.Баатархүүгээс ирүүлсэн, татан буугдсан “Зоос банк” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн асуудлаар Монголбанкнаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Монголбанкны мэдээлэл сонсов.

Улсын Их Хурлын гишүүн Ц.Баатархүү "Зоос банк" ХК-ийн хувьцаа эзэмшигч, нийслэлийн Чингэлтэй дүүргийн оршин суугч, иргэн Б.Цэрэнжаваас ирүүлсэн өргөдөл, хүсэлтийг Эдийн засгийн байнгын хороонд уламжилсан талаараа танилцууллаа. Монголбанкны Ерөнхийлөгчийн 2009 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 659 дүгээр тушаалаар "Зоос банк" ХК-ийг албадан татан буулгаж, банкны эрх хүлээн авагчийг томилсон боловч өнөөдрийг хүртэл татан буулгах ажиллагаа дуусаагүй. Засгийн газраас гаргасан бонд бүрэн төлөгдөөгүй хэрнээ банкны эрх хүлээн авагчийн зөвлөл, тэдгээрийн өдөр тутмын үйл ажиллагааны зардал, цалин, урамшууллыг тус банкны хөрөнгөөс гаргасаар байгаа. О.Чулуунбатаар ахлуулсан ажлын хэсэг 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн дүгнэлтдээ, “Зоос” банкны олон зуун монгол болон гадаад хувьцаа эзэмшигч хохирох ёсгүй байв гэж бичсэн талаар, 2023 онд Үндэсний аудитын газраас дүгнэлт хийсэн хэдий ч Сангийн яам, Монголбанк "Зоос банк" ХК-ийн жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр ямар ч арга хэмжээ аваагүй хэмээв. Иймд "Зоос банк" ХК-ийг албадан татан буулгах үйл ажиллагаа нь улсын банк, санхүүгийн салбарт үзүүлж буй сөрөг нөлөөллийг тогтоож, арилжааны банкны жижиг хувьцаа эзэмшигчийн эрхийг хамгаалахын тулд Байнгын хорооноос Ажлын хэсэг байгуулан ажиллах саналыг Ц.Баатархүү гишүүн гаргалаа.

Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Монголбанкны Санхүүгийн тогтвортой байдлын газрын Банкны бүтцийн өөрчлөлтийн хэлтсээс танилцуулга мэдээлэл хийлээ. Тухайлбал, “Зоос” банкны хэвийн үйл ажиллагаа алдагдан, төлбөрийн чадваргүй болсноор хадгаламж эзэмшигч, харилцагчийн мөнгөн хөрөнгийг анхны шаардлагаар гарган өгч чадахгүйд хүрсэн тул Монголбанкны Ерөнхийлөгчийн 650 дугаартай тушаалаар Банкны эрх хүлээн авагчийг нэг жил хүртэл хугацаатай томилсон. Пассив нь активаасаа 8.3 тэрбум төгрөгөөр хэтэрсэн банкийг албадан татан буулгасан.

Санхүүгийн тогтвортой байдлыг хангах, харилцагчийн эрх ашгийг хамгаалах зорилгоор Улсын Их Хурлаас 2008 онд Банкан дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хууль баталж, УИХ-ын 2009 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 97 дугаар тогтоолоор “Зоос” банкны харилцах, хадгаламж эзэмшигчдийн хохирлыг барагдуулахад зориулан 100 хүртэл тэрбум төгрөгийн үнэт цаас гаргах эрхийг Засгийн газарт олгосон байдаг. Засгийн газрын 2009 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 378 дугаар тогтоолын дагуу 95.1 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргаж “Зоос” банкны харилцах, хадгаламж эзэмшигчдэд олгожээ. Нийт зээл, зээлийн хүүгийн төлбөрт эзлэх “Олон овоот гоулд” ХХК-аас төлөх зээл, зээлийн хүүгийн үлдэгдэл 79.9 тэрбум төгрөг буюу нийт зээлийн 87.5 хувийг эзэлж байна. Дээрх дурдсанчлан банкны эрх хүлээн авагчийн шаардах эрхийн 87.5 хувь буюу 79.9 тэрбум төгрөг нь “Олон овоот гоулд” ХХК-д хамаарч байгаа гэж Монголбанкны төлөөлөл танилцууллаа.

Мөн бүртгэлтэй 32 зээлдэгчийн нийт 61.5 тэрбум төгрөгийн зээл тэнцэлд бүртгэлтэй байгаагаас 11 зээлдэгчийн 85.6 сая төгрөгийн зээл эрэн сурвалжлах захирамжтай боловч цаашид ажиллагаа хийх боломжгүй, үлдэх 21 зээлдэгчийн 61.5 тэрбум төгрөгийн зээл, авлага шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд шилжсэн боловч олон жил төлөгдөөгүй, зогсонги байдалд орсон. Өөрөөр хэлбэл, банкны эрх хүлээн авагч хэрэгжүүлж болох бүхий л арга хэмжээг авсан, цаашид ажиллагаа явагдах боломжгүй актив үлдээд байгаа. “Зоос” банкны банкны эрх хүлээн авагч томилогдсоноос хойш нийт 41.1 тэрбум төгрөгийн үнэт цаасны өр төлбөрийг барагдуулсан. Одоо 54.0 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй хэмээн төв банкны төлөөлөл мэдээлэв.

Монголбанкны төлөөллөөс хийсэн танилцуулгын араас иргэн Б.Цэрэнжав өөрт үүссэн бэрхшээл, асуудлын талаар Байнгын хорооны хуралдаанд танилцууллаа. Тэрбээр, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалж чадахгүй байна гэсэн тайлбарыг өгсөөр олон жилийн нүүр үзэж байгаа. Төв банканд шалгалт хийлгэхэд банк татан буулгасантай холбоотой баримт бичгүүдийг нууцын зэрэглэлд оруулсан байсан тул шалгах боломж олдоогүй. Өнөөг хүртэл нууцаас гаргаагүй хэвээр үлдээсэн нь, 100 хүртэл тэрбум төгрөгийн бонд гаргахаар шийдвэрлэсэн зэргээс дүгнэхэд, төр засгийн удирдлагууд хуйвалдаж, банк байгуулан мөнгө төгрөгийг хувьдаа завшсан байх магадлалтай хэмээн хардахад хүрсэн тухайгаа өгүүлсэн юм. Түүнчлэн “Зоос” банкны хувьцаа эзэмшигч 625 иргэний 120 гаруй нь гадаадын иргэн байдаг. Олон жилийн хугацааны туршид бид харилцаа холбоотой явж ирсэн. Иргэн бидний хохирлыг барагдуулахыг шийдвэрлэж өгвөл зөвхөн хувь хүмүүст төдийгүй манай улсын хөрөнгийн зах зээлийн хөгжилд нэмэртэй, итгэлцэл үүснэ хэмээн үзэж байгаагаа иргэн Б.Цэрэнжав илэрхийлэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын их Хурлын гишүүн Л.Соронзонболд асууж, үг хэлэхдээ, төв банканд хугацаатай үүрэг, даалгавар өгөх  нь зүйтэй гэсэн санал гаргалаа. Түүний саналыг Улсын Их Хурлын гишүүн Ц.Баатархүү дэмжиж, Монголбанк 18 жилийн турш шийдвэрлэнэ, хянаж байгаа гэсэн хариуг иргэдэд өгсөн ч байдал дээрдээгүйд харамсаж байна гэв.

Ийнхүү хэлэлцээд, Улсын Их Хурлын гишүүн Ц.Баатархүүгээс ирүүлсэн саналаар Эдийн засгийн байнгын хорооны дэргэд Хянан шалгах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулж ажиллах эсэх асуудлаар санал хураахад, 18.2 хувийн санал авч, Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэнгүй. Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудал гүйцсэн тул хуралдаан өндөрлөв гэж Монгол Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Сэтгэгдэл