
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгуулийн явцын талаарх Сонгуулийн ерөнхий хорооны мэдээллийг сонслоо
Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгуулийн явцын талаар Сонгуулийн ерөнхий хорооны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир мэдээлэл хийв. Сонгуулийн ерөнхий хороо нь аймаг, нийслэлийн сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.9-д “Орон нутгийн Хурлын нөхөн болон дахин сонгуулийг жил бүрийн 6 дугаар сарын гурав дахь долоо хоногийн ням гарагт улс даяар нэгдсэн журмаар явуулна.” гэж хуульчилсны дагуу тус хороо нь 2026 оны 6 дугаар сарын 21-ний өдөр нөхөн сонгууль явуулахад мэргэжил, арга зүйн удирдлагаар ханган ажиллаж байна хэмээн мэдээллийнхээ эхэнд тодотгов.
Нөхөн сонгууль явагдах болсон нөхцөл байдлыг авч үзвэл нас барсан 14, хүндэтгэн үзэх шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлт гаргасан 2, гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхээр тогтоогдсон 6, тухайн орон нутгаас шилжсэн 2, төрийн жинхэнэ албан тушаалд томилогдсон 6, төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон шийдвэр хүчингүй болсон 3, өөр шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон 15 зэрэг шалтгаанаар төлөөлөгчийн бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болсон байна.
Сонгуулийн ерөнхий хороо нь 2026 оны нөхөн сонгуультай холбоотой шаардагдах зардлыг Төсвийн тухай хууль болон Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан зардлын ангилал тус бүрээр тооцон нийт 120 сонгуулийн хэсэгт нөхөн сонгууль явуулахад шаардлагатай 4,916.5 сая төгрөгийн төсвийн төслийн саналаа хүргүүлсэн боловч 55,4 хувиар бууруулан 2,193.1 сая төгрөгөөр нөхөн сонгуулийн төсөв батлагдсан гэв.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7-д “Монгол Улсын Их Хурлаас баталсан орон нутгийн Хурлын ээлжит бус, нөхөн болон дахин сонгууль зохион байгуулахтай холбогдон гарах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана.”, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.7-д “ээлжит бус, дахин, нөхөн сонгууль, ард нийтийн санал асуулга явуулахад шаардагдах зардал” гэж тус тус хуульчилсан гэдгийг тэрбээр дурдаад, орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны нөхөн сонгууль явуулахад шаардлагатай байгаа 814,444,798.0 төгрөгийн нэмэлт зардлыг шийдвэрлэх шаардлага үүсч байна гэлээ.
- Сонгуулийн ерөнхий хорооны мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Зулпхар, Б.Батбаатар, Б.Баярбаатар, О.Алтангэрэл, А.Ариунзаяа, Ц.Сандаг-Очир нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал УИХ-ын гишүүн С.Зулпхар, Сонгууль зохион байгуулахтай холбоотой бэлтгэлээ хангаж байгаа гэлээ. Холбогдох зардлыг Засгийн газар нөөц хөрөнгөөсөө гаргах байх. Харин захиргааны бэлтгэл нь хэр хангагдсан бэ хэмээн асуусан.
- Сонгуулийн ерөнхий хорооны мэдээллийг тус хорооны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч бөгөөд нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир, Сонгуулийн ерөнхий хороо цаг хугацааны хуваарьт нийцүүлээд ажлаа өнгөрсөн оноос эхлэн төлөвлөсөн. Товлосон ёсоор нөхөн сонгуулийн бэлтгэл ажлыг бүрэн хангаж ажиллаж байгаа. Таван чиглэлээр 44 ажлыг төлөвлөн, орон нутагт мэдээллээ хүргэсэн. Ажил зохих журмын дагуу хуулийн хугацаандаа явна гэлээ.
- УИХ-ын гишүүн О.Алтангэрэл, Ирэх жил Ерөнхийлөгчийн сонгууль болно. Хоёр жилийн дараа УИХ-ын сонгууль болно. Энэ үед сонгууль зохион байгуулах төсөвтэй холбоотой, хар машины хугацаа нь дуусаж ашиглалтаас гарч байгаа гэсэн мэдээлэл байна. Том сонгууль зохион байгуулахад бэлэн үү, тулаад биш наана нь бэлтгэлээ хангахад хэдий хэмжээний төсөв хөрөнгө шаардлагатай байна вэ хэмээн тодруулав.
- Д.Даваа-Очир: Бид 2012 оноос хойш 38 удаагийн ээлжит болон нөхөн, дахин сонгуульд санал тоолох төхөөрөмжийг ашиглаад байна. Нийт 3000 санал тоолох төхөөрөмжөөс 257-г нь актлаад байна. Өнөөдрийн байдлаар 473 санал тоолох төхөөрөмжийг засварт өгөөд байна. Өнгөрсөн онд санал тоолох төхөөрөмжөө дараагийн загвараар нь бүрэн шинэчилье, 3000 ширхэгийг зайлшгүй авах шаардлагатай байна гэдэг асуудлаа танилцуулан төсөвт тусгуулсан ч шаардлагатай хөрөнгийн 30 хувийг нь тусгасан. Шаардлагатай хөрөнгийг 2026, 2027, 2028 онд цувуулж өгөх байдлаар шийднэ гэж Сангийн яамнаас мэдэгдсэн. Бид санал тоолох төхөөрөмж нийлүүлдэг байгууллагатай холбогдоод энэ ондоо техник хэрэгслээ шинэчлэхээр ярилцсан боловч мөнгөний асуудлаас болоод хойшлоход хүрээд байна. Энэ ондоо багтаад техник хэрэгслээ шинэчилж чадвал 2027, 2028 оны Ерөнхийлөгчийн, УИХ-ын, орон нутгийн сонгуулийн санал авах үйл ажиллагааг хэвийн явуулна гэсэн итгэл үнэмшилтэйгээр ажиллаж байна гэсэн хариултыг өгсөн юм.
Сонгуулийн ерөнхий хорооны мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүдээс гаргасан саналыг тусгасан хуралдааны тэмдэглэлийг Засгийн газарт хүргүүлэх нь зүйтэй гэж үзлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.