
Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хурлаар Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” болон түүнд өөрчлөлт оруулах протоколын төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцэв.
Төслийг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал танилцууллаа. Тэрбээр танилцуулгадаа, Өнөөдрийн байдлаар манай улс агаарын хөлгийн түлшийг 100 хувь ОХУ-аас импортолж байгаа бөгөөд сүүлийн таван жилд ТС-1 агаарын хөлгийн түлшний хэрэглээ тогтмол өссөн үзүүлэлттэй байна. Тухайлбал, 2022 онд 38,492 тонн байсан бол 2025 онд 84,366 тоннд хүрч, хоёр дахин нэмэгдсэн байна гэв. Монгол Улсад агаарын хөлгийн үйлчилгээ эрхэлж буй дотоодын 20, гадаадын 7 буюу нийт 27 авиакомпани байгаагаас 2025 онд нийтдээ 2,448,415 зорчигч тээвэрлэсэн байна. 2024 онтой харьцуулахад олон улсын чиглэл 15 хувь буюу 259 мянга, орон нутгийн чиглэл 5 хувь буюу 21 мянган зорчигчоор тус тус өссөн үзүүлэлттэй байгааг дурдлаа. Агаарын хөлгийн тээврийн үйлчилгээ авч буй иргэдэд хүрч буй тийзийн үнийн 36 орчим хувь нь агаарын хөлгийн түлшний үнээс, харин агаарын хөлгийн шатахууны үнийн 86 орчим хувь нь хил үнээс тус тус шууд хамаарч байгааг онцлов.
Цаашид дэлхийн зах зээл дэх газрын тосны үнэ болон ОХУ-ын газрын тосны бүтээгдэхүүний дотоод зах зээлийн нөхцөл байдалтай холбогдуулан ОХУ-ын Засгийн газраас экспортын хязгаарлалт хийх, татвар нэмэгдүүлэх шийдвэр гарч болзошгүй бөгөөд энэ нь манай улсын газрын тосны бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлт, тэр дундаа агаарын хөлгийн түлшний нийлүүлэлтэд нөлөөлж, хомсдол үүсэж болзошгүй юм гэдгийг Ерөнхий сайд танилцуулгадаа онцлон тэмдэглэв.
Иймд “Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай” Монгол Улсын Засгийн газар болон Оросын холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулснаар агаарын хөлгийн түлшний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын шатахуун хангамжийг тасралтгүй үргэлжлүүлэх, агаарын тээврийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдэд олон улсын стандартын шаардлагад нийцсэн шатахууныг тогтвортой нийлүүлэх боломж бүрдэх юм гэв. Түүнчлэн удаа дараагийн олон уулзалтуудын дүнд ОХУ-ын Эрчим хүчний яамнаас 2026 оны 01 сарын 13-ны өдөр “Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т оруулах өөрчлөлтийн протоколын эцсийн хувилбарыг ирүүлсэн гэдгийг тэмдэглээд хэлэлцээрт орсон өөрчлөлтүүдийн талаар танилцууллаа.
Монголын тал 7 дугаар зүйлийг бүхэлд нь хасах саналыг тавьсан. Хэлэлцээрийн явцад оросын талаас 7 дугаар зүйл нь хөрөнгө оруулалтын тогтвортой орчныг хадгалах үүднээс олон улсын хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээрт зайлшгүй тусгагддаг тул хасах боломжгүй гэдэг байр суурийг сайд нарын уулзалтууд дээр тогтмол илэрхийлж байсан. Мөн 2025 оны 11 сард Москва хотноо болсон ШХАБ-ын орнуудын уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч мөн уг байр суурийг илэрхийлсэн. Хэлэлцээрийн явцад 7 дугаар зүйлийн 1 дүгээр догол хэсэгтэй давхацсан утгыг илэрхийлж байгаа тул хоёр талаас зөвшилцсөн үндсэн дээр 2 дугаар догол хэсгийг хассан. Хэлэлцээрийн 9 дүгээр зүйлийн 2 дугаар догол хэсэгт оросын талын арбитрын шүүх маргаан таслахаар тусгагдсан нь зохимжгүй тул гуравдагч орны арбитрын шүүхийг сонгох саналыг монголын талаас гаргаж, хэлэлцээрийн явцад оросын талаас Беларусын худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Олон улсын арбитрын шүүхийг санал болгосон. Бүгд Найрамдах Беларусь Улстай манай улс нь найрамдалт харилцаатай түншлэлийн гэрээ бүхий улс тул үгүйсгэх шалтгаан байхгүй тул хүлээн зөвшөөрсөн. Манай талын санал бол Бүгд Найрамдах Казахстан Улс байсан. Хэлэлцээрийн 11 дэх хэсэгт Монгол Улс болон Оросын Холбооны Улсын хооронд үйлчилж буй ижил асуудал зохицуулсан бусад олон улсын хэлэлцээрээс давуу эрхтэй байна гэсэн заалт орсон нь олон улсын эрх зүйн акт, хэм хэмжээг үгүйсгэсэн, давж үйлчлэх утгатай Монгол Улсын хууль тогтоомжид нийцэхгүй байсан тул монголын талын саналаар хассан. Мөн оросын талаас хэлэлцээрийн анхны хувилбарт 20 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байх заалттай байсан тул монголын талаас таван жил болгох саналыг тавьсан. Гэвч оросын тал хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны тогтвортой байдлыг хангах гол хөшүүрэг нь урт хугацааны хамтын ажиллагааны гэрээ тул хугацааг бууруулахгүй байх байр суурийг илэрхийлсэн. Хэлэлцээрийн явцад 15 жил болгож хугацааг богиносгосон өөрчлөлтүүдийг тус тус оруулаад байгааг Ерөнхий сайд танилцуулгадаа онцлов.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал энэхүү хэлэлцээрт Улсын Их Хурал ихээхэн анхаарал тавьснаар өөрийнхөө эрх ашгийг хангуулах асуудлыг тусгаж сайжруулсан байгаа тул хэлэлцээрийг зөвшилцөхийг дэмжих нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлсэн. Харин Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин удахгүй газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орвол дотоодынхоо түлшний тодорхой хувийг хангана. Гэтэл хэлэлцээрт энэ талаар тодорхой агуулга, томьёолол харагдахгүй байгааг лавлав.
Ажлын хэсгээс “Газрын тос боловсруулах үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллавал жилдээ 80 мянган тонн агаарын хөлгийн түлш үйлдвэрлэх юм. Өнөөдрийн байдлаар шинэ нисэх онгоцны буудлын агаарын түлшний хэрэглээ үүнээс давсан байгаа. Мөн авиа компаниуд түлш нийлүүлэгчийг сонгохдоо үнийн өртгийг харгалзах юм” гэж хариулав. Түүнчлэн ОХУ-ын “Роснефть” компаниин итгэмжлэгдсэн компанитай санамж бичг байгуулсан бөгөөд уг санамж бичигт Монголд газрын тос боловсруулах үйлдвэр баригдсан тохиолдолд 100 хувь тус үйлдвэрийн бүтээгдэхүүнийг худалдан авч борлуулна. Илүү гарсан тохиолдолд тус компани нийлүүлнэ гэсэн зүйл, заалтыг тусгасан гэж байлаа.
Ингээд “Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” болон түүнд өөрчлөлт оруулах протоколын төслийг зөвшилцөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 73.7 хувь нь дэмжив. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд танилцуулахаар тогтов.