Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-04-02

Хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2026.04.01/ үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэнд УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан нарын гурван гишүүнээс 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр өргөн мэдүүлсэн Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн Т.Мөнхсайхан, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очир нар тус тус танилцуулав.  

Төсөл санаачлагч гишүүн Т.Мөнхсайхан танилцуулгадаа Монгол Улсын хүн амын 36.2 хувь буюу 1.3 сая нь хүүхэд бөгөөд энэ хичээлийн жилд 820 орчим мянган хүүхэд ерөнхий боловсролын сургууль (ЕБС)-д суралцаж байна. ЕБС-д суралцагчдын өвчлөлийн тэргүүлэх шалтгаан шүдний өвчлөл бол амьсгал, хоол боловсруулах замын өвчлөл өндөр, сүрьеэгийн өвчлөл буурахгүй байгаа юм. Сүүлийн таван жилд улсын хэмжээнд 6-18 насны 250 мянга орчим хүүхэд осол гэмтэлд өртсөний 13.5 хувь буюу 33689 нь сургуулийн орчинд болсныг дурдав.

НҮБ-ийн Хүүхдийн сангаас 2024 онд хийсэн судалгаанд ЕБС-ийн 51 хувь нь авто замтай ойр, 79 хувь нь хурд сааруулагчгүй автозамтай ойр, 76 хувь нь гадна орчинд цахилгааны ил задгай утасны эрсдэлтэй, 73 хувь нь аюулгүй байдал хангасан биеийн тамирын талбайгүй байна. Мөн ЕБС, цэцэрлэгийн барилгад засвар хийсний дараа будаг, бусад материалаас ялгардаг формальдегидийн хэмжээ зохих түвшингээс 2-3, бензол 3.5 дахин их, хар тугалга 2-5, хром 2.3 дахин хэтэрсэн байгааг орчны судалгаагаар тогтоосон байна. Эдгээр бодис хорт хавдрын эрсдэл, дархлаа сулрах, хүүхдийн өсөлт хөгжилд сөргөөр нөлөөлөх, амьсгалын замын архаг өвчин ихсэх эрсдэл дагуулж буй юм. Түүнчлэн PM2.5 тоосонцрын хэмжээ байх ёстойгоосоо 8-9 дахин их байгаа нь сурагчид өдөр бүр эрүүл мэндэд хортой орчинд суралцаж байгааг илтгэн харуулж буй үзүүлэлт гэдгийг хуулийн төсөл санаачлагчид хэлж байна.

Сургуулийн орчинд үе тэнгийн дээрэлхэлт анхаарал татах түвшинд хүрээд байгаа ч өнөө хэр тодорхой зохицуулалтгүй байна. Үе тэнгийн дээрэлхэлт зөвхөн бие махбодын хүчирхийллээр хязгаарлагдахгүй сэтгэл зүйн дарамт, доромжлол, гадуурхалт, мөн цахим орчин дахь дарамт зэрэг олон хэлбэрээр илэрдэг. Гэмтсэн, бэртсэн, нас барсныг тоон дүнгээр илэрхийлж болох боловч хүүхдийн сэтгэл зүйн дарамт, айдас түгшүүрийг тэр бүр илрүүлж, хэмжиж, арга хэмжээ авч чадахгүй байгааг Улсын Их Хурлын гишүүн Т.Мөнхсайхан танилцуулгадаа онцоллоо. 

Иймд ЕБС-ийн орчинд хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, дэмжих, эрүүл аюулгүй орчин бүрдүүлэх, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавих эрх зүйн үндэслэл бий болгох шаардлагатай байна гэж төсөл санаачлагчид үзжээ.

Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийн төсөлд дээрх харилцааг Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, олон улсын гэрээнд нийцүүлэн ялгаварлан гадуурхахгүй, тэгш, хүмүүнлэг, нууцлалыг хангаж, суралцагчийн эрх ашгийг нэн тэргүүнд тавих зарчмаар зохицуулах, Эрүүл мэндийг дэмжигч сургуулийн нэгдсэн бодлого, түүний төлөвлөгөө, тогтмол үзлэг шинжилгээ, эрт илрүүлэлт, яаралтай тусламжийн бэлэн байдал болон бусад арга хэлбэрээр суралцагч, багш, ажилтны эрүүл аюулгүй орчныг бүрдүүлж, хүүхдийн эрүүл мэндийг системтэй хамгаалах, үндэсний төлөвлөгөөг хэрэгжүүлэх шаталсан тогтолцоогоор сургуулийн орчны осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, анхны тусламжийн чадвар олгох, сэтгэл зүйн болон нөхөн сэргээх дэмжлэг үзүүлэх, орчны аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг хангах, хариуцлагын тогтолцоог тодорхой болгох зэрэг нарийвчилсан зохицуулалтыг тусгасан байна.

Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцсэнийг Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очир санал, дүгнэлтдээ дурдав. Мөн Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 72.2 хувийн саналаар, хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг 77.8 хувийн саналаар, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг 77.8 хувийн саналаар, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг 77.8 хувийн саналаар тус тус үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно гэлээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд, Д.Бум-Очир, Н.Наранбаатар, С.Эрдэнэбат, А.Ариунзаяа, О.Саранчулуун, Д.Ганбат, М.Ганхүлэг, Х.Баасанжаргал, Н.Алтаншагай, Ч.Номин, Д.Ганмаа, О.Номинчимэг нар асуулт асууж, үг хэлэв. Гишүүд Монгол Улсын хаана ч байсан хүүхэд эрхээ хамгаалуулах ёстойг тэмдэглээд уг хуулийн төслүүдийг дагалдаж хэчнээн хууль хамт өргөн мэдүүлж, батлагдвал  сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдал цогцоороо шийдэгдэх талаар лавлав.

Төсөл санаачлагч гишүүн Т.Мөнхсайхан хариултдаа, хүүхдийн эрхийг хамгаалахтай холбоотой Боловсролын тухай, Хүүхдийн эрхийн тухай хуулиуд хэрэгжсээр байгаа. Гэвч өнөөдөр эрдэм мэдлэг, боловсрол олодог сургуулийн орчинд хүүхдүүд эрүүл мэнд, амь насаараа хохирох тохиолдол өдөр ирэх тусам нэмэгдсээр байна. Хуулийн хэрэгцээ шаардлагын судалгаагаар ч ийм хуультай байх шаардлагатай байна гэсэн дүгнэлт гарсан. Мөн олон улсад ч сургуулийн орчинд хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалсан тусгайлсан хуультай байдаг гэж байлаа.

Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар Монгол Улсад хэчнээн сургууль хүүхдийн эрүүл, аюулгүйн стандартыг хангасан, эсэх талаар судалгаа хийснийг тодруулахын зэрэгцээ стандартын шаардлагыг хангуулахад хэдий хэрийн төсөв хэрэгтэй байгаа талаар лавлав. “Хүүхдийн эрүүл, аюулгүй байдлыг хангах стандарт шаардлага хангаагүй нийт сургуулийн тоо 50-иас дээш хувьтай байна. Гэтэл бид үүнийг хэвийн асуудал мэт тоохгүй өнгөрөх тусам нөхцөл байдал хүндэрсээр байна. Ялангуяа сумын сургуулийн дотор ариун цэврийн өрөөтэй болгох асуудалд хөрөнгө мөнгө тавиад шийддэг хэдий ч, жил ашиглаад  орхидог. Үүнд хэн ч хариуцлага хүлээхгүй байгаа болохоор хариуцлагын тогтолцоог бий болгох хэрэгтэй байна” хэмээн Т.Мөнхсайхан гишүүн хариулав.

Харин ажлын хэсгээс, 1,5,10 дугаар ангид тусгайлсан үзлэг хийхэд жилдээ 220 орчим мянган хүүхдийг хамруулахад 5.0 орчим тэрбум төгрөгийн төсөв гарна тооцож байна. Үүнийг Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргана гэсэн нэмэлт тайлбарыг өгөв. Мөн хүүхдийн үзлэг шинжилгээг тогтмол зохион байгуулснаар Монгол Улсын хүүхдийн эрүүл мэндийн нэгдсэн мэдээллийг бүрдүүлж, үүнд суурилсан хариу арга хэмжээ авахад ашиглах үндсэн зорилготой гэж байлаа.

Гишүүд хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ цаашид анхаарах, төсөлд тусгах тодорхой саналуудыг хэлж байв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очир уг хуулийн төсөлд үе тэнгийн дээрэлхэлт гэдгийг томьёолж оруулах саналтай байгаагаа илэрхийлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал хуулийн төслийн хүрээнд хүүхдийн хувийн мэдээлэл, ялангуяа эрүүл мэндийн асуудлыг задруулахгүй, маш сайн хамгаалахад анхаарах нь зүйтэй гэв.   

Мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа уг хуулийн төслийг бусад хууль тогтоомжтой нийцүүлж давхардлыг арилгах, шинэчлэх, найруулах, шинжлэх ухаан ч бусаар хандсан асуудлыг цэгцлэх талаар санал өгснөө дурдав. Мөн хүчин төгөлдөр мөрдөж буй хуулиудын хэрэгжилтийг хангахын оронд шинэ хууль, төсөв, бүтэц, ачаалал бий болгох нь зөв эсэхэд үр ашгийн харьцуулсан судалгааг сайтар хийх нь зүйтэй гэлээ. Харин Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ Монгол Улс ирээдүй болсон хүүхдүүдээ сургуулийн орчинд нь эрүүл, аюулгүй хоол хүнсээр хангах, шим тэжээлийн боловсрол олгох зохист дадалд сургах асуудалд маш сайн анхаарах шаардлагатай байна гэсэн саналтай байв.

Ингээд Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл бүрээр үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх, эсэх санал хураалтыг тус тус явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Иймд төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүллээ.  

Сэтгэгдэл