
УИХ-ын нэгдсэн чуулганаар Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улс хоорондын хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв.
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Лүндэг танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, тус байнгын хороо хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 78 дугаар зүйлд заасныг үндэслэн 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэнийг дурдаад "Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улс хоорондын хэлэлцээр"-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн хэмээв. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д. Бум-Очир, Ц.Туваан, Д.Ганбат нар асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Гишүүд хоёр улсын хоорондын хэлэлцээрийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ Монгол Улс хэчнээн улс оронтой Нийгмийн хамгааллын тухай хэлэлцээрийг хийсэн болон цаашид хийхээр төлөвлөж байгааг тодруулав. Мөн хэлэлцээр хийсэн улсад нийт хэчнээн монгол иргэн амьдарч буй талаар лавласан.
Мөн Бүгд Найрамдах Унгар Улс, Бүгд Найрамдах Польш, Бүгд Найрамдах Турк, Бүгд Найрамдах Чех, Бүгд Найрамдах Казакстан улстай уг хэлэлцээрийг хийсэн. Хэлэлцээр хийсэн дээрх орнуудад нийт 92147 иргэн ажиллаж байгаа бөгөөд энэ нь гадаадад байгаа нийт монгол иргэдийн 35 хувийг эзэлж байна. Цаашдаа Австрали, ХБНГУ, АНУ-тай энэ төрлийн хэлэлцээр хийхээр ажиллаж байна хэмээн хариулж байлаа.
Ингээд Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улс хоорондын хэлэлцээрийг соёрхон батлахыг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 69.3 хувь нь дэмжив.