Гаалийн албан татварын хувь хэмжээ тогтоох эрхийг Засгийн газарт олгоно
2026-04-02

УИХ нэгдсэн чуулганаар Засгийн газраас 2026 оны 03 дугаар сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн  хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Төслийн талаар Ерөнхий сайд Н.Учрал танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Улс орны эдийн засаг, уул уурхайн үйлдвэрлэлийн өсөлттэй холбоотойгоор манай улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ жил бүр өсөн нэмэгдэж, 2025 онд импортын хэмжээ 2.9 сая тонн болж өмнөх оноос 0.1 сая тонноор өссөн. Цаашид 2026 онд 3.0 сая, 2027 онд 3.1 сая тоннд хүрэх төлөвтэй байна гэлээ.

Өнөөдрийн байдлаар манай улс шатахууны хэрэглээгээ 100 хувь импортоор хангаж байгаа бөгөөд нийт импортын 98 орчим хувийг ОХУ, үлдсэн хувийг БНХАУ эзэлж байна. Манай гол ханган нийлүүлэгч ОХУ-ын “Роснефть” компанийн 04 дүгээр сарын хил үнэ өмнөх сараас тонн тутамдаа энгийн дизель түлш 648 ам.доллароор нэмэгдэж 1385, Евро-5 дизель түлш 483 ам.доллароор нэмэгдэж 1410, Евро-5 Аи-92 автобензин 441 ам.доллароор нэмэгдэж 1206, Аи-95 автобензин 441 ам.доллароор нэмэгдэж 1176, Аи-98 автобензин 441 ам.доллароор нэмэгдэж 1226 болж, төрлөөс хамаарч 441-648 ам.доллароор өссөн. Үүнтэй холбоотойгоор дотоодын зах зээл дээрх энгийн Аи-92 автобензинээс бусад төрлийн шатахууны борлуулалтын үнэ энгийн дизель түлш 2200 төгрөгөөр нэмэгдэж 5200 , Евро-5 дизель түлш 1300 төгрөгөөр нэмэгдэж 5300, Евро-5 Аи-92 автобензин 1100 төгрөгөөр нэмэгдэж 4200, Аи-95 автобензин 500 төгрөгөөр нэмэгдэж 4100 төгрөг болж тус тус нэмэгдэх нөхцөл байдал үүсээд байна гэдгийг Ерөнхий сайд танилцуулгадаа тодотгов.

Олон улсын нөхцөл байдалтай холбоотойгоор газрын тосны бүтээгдэхүүний Гаалийн албан татварын хувь хэмжээг тогтоох эрхийг Засгийн газарт олгосноор, зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан шатахууны үнийн хэлбэлзлийг түргэн шуурхай зохицуулах боломж бүрдэх ач холбогдолтой гэж байлаа.

Дараа нь Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа танилцуулсан. Тэрбээр, “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлснийг Улсын Их Хурлын 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар шийдвэрлэж, Төсвийн байнгын хорооны 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн хуралдаанаар тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явуулсан гэв. Мөн Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжих эсэх асуудлаар санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 63.2 хувь буюу олонх дэмжиж, хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэнийг Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа санал, дүгнэлтдээ онцолсон.

Тогтоолын төслийн танилцуулга болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан, Р.Сэддорж, Л.Гантөмөр, Д.Ганбат нар асуулт асууж, санал хэлэв. Гишүүд Засгийн газарт эрх олгосноор бинзен шатахууны үнийг хэдэн төгрөгөөр буулгах боломжтойг лавлахын зэрэгцээ шатахууны үнэ өссөн гадаад, дотоод хүчин зүйл хэдэн хувийг эзэлж буй талаар, хөрш зэргэлдээ улсууд, БНХАУ-аас шатахуун авах боломжийг албан ёсоор судалсан дүгнэлт байгаа эсэхийг илүүтэй тодруулсан.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Газрын тосны бодлогын газрын дарга Ч.Хишигдалай хариултдаа, Гаалийн албан татварыг 5.0 хувийн тохируулах эрхийг Засгийн газарт  олгосноор авто бензин дээр литр тутам 150-230 төгрөг, дизель түлш дээр 250 орчим төгрөгөөр буулгаж, үнийг жижиглэн худалдаан дээр хямдруулах боломж үүснэ гэдгийг тодотгов. Мөн тэрбээр гаалийн 5.0 хувь нь нийт жижиглэнгийн үнийн 4 хувьд нөлөөлдөг гээд  газрын тосны үнийн 60 орчим хувь нь гадаад хүчин зүйлээс нөлөөлж байгаа хэмээв. Дотоодын хувьд ОХУ-аас ирсэн хил үнээр дизель түлшний үнэ 68 хувийн өсөлттэй байна. Үнийн өсөлтийг бууруулах боломжит бүх хувилбаруудыг бэлтгэсний нэг арга хэмжээ нь импортын албан татварын хувь хэмжээг тохируулах Засгийн газарт эрх олгох энэ тогтоол гэв. Шатахууныг БНХАУ-аас импортлох, тоо хэмжээг нэмэгдүүлэх, нэвтрүүлэх боомтуудыг тэлэх зэрэг арга хэмжээнүүдийг авч ажилллаж байна гэв.

“Тогтоолд нэмэлт оруулах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 58.8 хувь нь дэмжсэн. Иймд төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Сэтгэгдэл