Онгоцны түлшээ Орос "ах"-даа даатгахаар шийдэв
2026-04-03

Ингэж шийдэхээс өөр ямар ч аргагүй гэдгийг бүгд давтан хэлж байна. Нохой зассан эзэндээ янаг гэдэг нь энэ биз. Өөр арга, боломжийг ашиглахын тулд урагшаа нэг ч алхаж чадаагүй хэрнээ, одоо өөр аргагүй хэмээн Орос ах нарынхаа хараат байдалд гүйн орох нь бидний байгаа царай.

УИХ-ын төсөв, эдийн засаг, аюулгүй байдал гадаад бодлогын чиг үүрэгтэй байнгын хороодын хурлаар Монгол улсад Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр болон түүнд өөрчлөлт оруулах протоколын төслийг хэлэлцэж дэмжлээ. Энэ хэлэлцээрийг өмнө нь УИХ-аар хэлэлцсэн ч хэт нэг талыг барьсан тул дахин сайжруулахаар хойшлуулсан.  Тодруулбал, ОХУ-тай 20 жилийн хугааанд хамтарсан компани байгуулж, үүгээрээ дамжуулан “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг удирдаж, ашиглахаас гадна агаарын хөлгийн түлш тасралтгүй нийлүүлнэ. Харин маргаан гарсан тохиолдолд ОХУ-ын арбитрын шүүхээр шийдүүлнэ гэх зэргээр хэт нэг талыг барьсан тул холбогдох албаныхан өнгөрсөн хугацаанд УИХ-аас өгсөн чиглэлийн дагуу өөрчлөлт оруулж сайжруулсан. Гэхдээ УИХ-аар хэлэлцүүлж эхлээгүй байв. Гэтэл саяхан олон улсад үүссэн дайны нөхцөл байдал, түлш шатахууны хомсдолтой холбоотойгоор Монгол Улс ОХУ-д хандаж, цаашид шатахууны нийлүүлэлт, үнийн өсөлт зэргийг урт хугацаанд тогтвортой байлгах чиглэлээр хүсэлт тавьсан. Харин ОХУ өмнөх хэлэлцээр асууж, тодруулсан тул агаарын түлшний хэлэлцээг яаралтай батлуулах шаардлагатай байна гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны мэргэжилтнүүд мэдээлж байна.

Манай улс агаарын хөлгийн түлшээ 100 хувь ОХУ-аас импортолдог. 2022 онд 38492 тонн түлш хэрэглэдэг байсан бол 2025 онд 84366 тоннд хүрч, хоёр дахин нэмэгджээ. Цаашид ч тогтмол өсөх нь тодорхой байна. Ийм учраас агаарын хөлгийн түлшний хэрэглээг ОХУ-аас төмөр замаар зах зээлийн боломжит доод үнээр нийлүүлснээр хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хадгалах төдийгүй, тийзийн үнэ буурахад эерэг нөлөөтэй гэж албаныхан үзэж байна.

Тэгвэл бидэнд өөр гарц байна уу?  Монгол улс далайд гарцгүй учраас хоёр хөршөөсөө өөр улсаас их хэмжээний түлш тээвэрлэн авах боломж хязгаарлагдмал. БНХАУ-аас худалдан авахад төмөр замын царигаас шалтгаалан Зам-үүд боомтоос шилжүүлэн ачих шаардлагатай. Мөн хадгалах сав, насос станц, дотоодын тусгай вагонцистерн байхгүй аж. Хамгийн гол нь БНХАУ-аас нийлүүлэгдэх онгоцны түлш нь Жет-А стандартын түлш бөгөөд шинэ нисэх буудлын шатахуун хангамжийн байгууламжид ОХУ-аас авдаг ТС-1 агаарын хөлгийн түлштэй хамтад нь ашиглах технологийн шийдэл анхнаасаа төлөвлөгдөөгүй гэдгийг албаныхан мэдээлж байна.

Уг нь нэг улсын хараат байдалд орохгүйн тулд төлөвлөж, шинээр гарц нээж ажиллах нь төрийн байгууллагын үүрэг. Бидний сонгосон парламент бодлого, шийдэл боловсруулах ёстой ч өнөөдөр олон улсын нөхцөл байдал гэх айдас, эргэлзээг урдаан барин агаарын түлшээ “Орос” ах нартаа албан ёсоор даатгаж байгаа нь энэ.

Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт дараах өөрчлөлтүүдийг оруулсан байна.

  1. Хамтарсан компани нь “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг удирдах болон ашиглах гэснийг агаарын хөлгийг түлшээр цэнэглэх дэд бүтцийг удирдах болон ашиглах хамтарсан компани байгуулна гэж өөрчилжээ.
  2. Хэлэлцээрт Монгол улсын "газрын тосны бүтээгдэхүүн" борлуулах үйл ажиллагааг зохицуулсан хуулийн зохицуулалт үйлчлэхгүй гэснийг "агаарын хөлгийн түлш" гэж өөрчилсөн.
  3. ОХУ-ын арбитрын шүүхээр шүүнэ гэснийг "Хэрэв маргаан эхэлсэн өдрөөс хойш 2 сарын дотор шийдвэрлэгдэхгүй тохиолдолд талуудын аль нэг талын хүсэлтээр Бүгд Найрамдах Беларусь Улсын Минск хотод байрлах Беларусийн худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх олон улсын арбитрын шүүхэд тус шүүхийн 2011 оны журмын дагуу хэлэлцүүлэхээр шилжүүлнэ" гэж өөрчилжээ.
  4. Долоодугаар зүйлд заасан "Энэхүү хэлэлцээр гарын үсэг зурсан өдрөөс хойш Монгол Улсын хууль тогтоомжид өөрчлөлт орж, татвар, тариф, хураамж, үүний дотор гаалийн болон бусад бүх татварын төлбөр нэмэгдэх, гадаад ажилчдын квот нэмэгдэх эсхүл багасах, эсхүл энэхүү хэлэлцээр гарын үсэг зурснаар хойш шинэ татвар, тариф, хураамж, үүний дотор гаалийн болон бусад бүх төрлийн татварын төлбөр, гадаад ажилчдын квот шинээр нэвтрүүлэх, түүнчлэн энэхүү хэлэлцээрт гарын үсэг зурах үед оросын талын итгэмжлэгдсэн байгууллага болон эсхүл хамтарсан компанид энэхүү хэлэлцээрээр болон Монгол Улсын хууль тогтоомжоор олгож байсан хөнгөлөлт, давуу эрхийг цуцлах нь энэ зүйлийн зорилгын хүрээнд оросын талын итгэмжлэгдсэн байгууллагын нөхцөл байдал нь доройтсон гэж үзнэ" гэснийг бүхэлд нь хасжээ.
  5. 11 дүгээр зүйлд заасан "Энэхүү хэлэлцээрийн заалтууд нь Монгол Улс болон ОХУ-ын хооронд үйлчилж буй ижил асуудал зохицуулсан бусад олон улсын хэлэлцээрээс давуу эрхтэй байна" гэснийг бүхэлд нь хасжээ.
  6. "20 жил" хугацаатай хамтарсан компани гэснийг "15 жил" гэж өөрчилсөн. Гэхдээ хугацаа дуусгавар болохоос жилийн өмнө бичгээр мэдэгдэх, мэдэгдээгүй тохиолдолд дахин 5 жил сунгагдахаар нэмэлт өөрчлөлт оруулжээ.
Сэтгэгдэл