Нээлттэй ертөнцийн хаалттай өнцөг: Filter Bubble
2026-04-04

Facebook, Youtube, Instagram платформуудын хэрэглэгчдэд зориулсан алгоритмыг мэдэхгүй хүн цөөн. Тэд бидний таалж үзсэн ганц постыг ч алгасахгүй ажаад удалгүй яг тэр үзсэн посттой ижил төстэй постуудыг урсгадаг. Дэлхийн бүхий л зүйлстэй холбогдож байна гэсэн бодол тань танд л зориулагдсан савангийн хөөс дотор л өрнөнө. Гайхалтай. Дэлхийн бөмбөрцөг биш алганаас жижигхэн савангийн хөөс шүү дээ. Үүнийг бид filter bubble гэж нэрлэдэг. Дижитал орчны танд зориулсан мэдээллийн экосистем гэх үү дээ. Эсвэл үзэл бодлын тусгаарлалтад оруулах хиймэл орон зай ч гэж хэлж болох юм.

Энэ хөөс анзаарагдахгүйгээр үүсэж, бид өөрөө сонгож байгаа мэт боловч үнэндээ алгоритм өмнөөс тань сонголт хийж эхэлдэг. Ямар мэдээ харах, ямар санал бодол сонсох гээд энэ бүхэн бага багаар шүүгдэж, танд “тав тухтай” мэдээллийн орчин бий болдог. Гэвч энэ орчин нь бодит ертөнцийн олон өнгөт байдлыг багасгаж, зөвхөн үзэл бодлыг тань батлах мэдээллээр дүүрдэг.

Filter bubble-ийн хамгийн сонирхолтой бөгөөд анзаарагддаггүй нөлөө нь бидний бодит байдлыг өөр өөр болгодог явдал юм. Нэг хүн эдийн засаг сайжирч байна гэсэн мэдээлэл дунд амьдарч байхад, нөгөө хүн эдийн засаг доройтож байна гэсэн мэдээлэл дунд амьдарч байж болно. Ингэхээр бид нэг улсад, нэг хотод амьдарч байгаа ч өөр өөр бодит байдлыг харж, өөр өөр дэлхийд амьдарч байгаа мэт болдог.

Энэ нь зөвхөн мэдээллийн асуудал биш. Энэ нь нийгмийн харилцаа, улс төрийн үзэл бодол, нийгмийн ойлголтод хүртэл нөлөөлж эхэлдэг. Хүмүүс өөрөөсөө өөр бодолтой хүмүүстэй бага уулзаж, улмаар өөр үзэл бодлыг ойлгох чадвар буурч эхэлдэг. Ингэснээр нийгмийн хуваагдал нэмэгдэж, “бид” ба “тэд” гэсэн ялгарал илүү тодордог. Энэ нь өмнөх дугаарт дурдсан улс төрийн манипуляцийг иргэдэд үйлдэхэд илүү л амар болгож байна гэсэн үг.


Хамгийн хоржоонтой нь бид энэ бүхний дунд өөрсдийгөө илүү мэдээлэлтэй, илүү ойлголттой болсон гэж боддог. Гэвч үнэндээ бидний харж буй мэдээлэл улам нарийсаж, улам шүүгдэж, улам нэг өнцөгт төвлөрч байдаг байна.

Тэгвэл бид энэ савангийн хөөснөөс гарч чадах уу?

Filter bubble дотор байх үед интернэт зөвхөн нэг л өнцгөөс “реакци” хийж байгаа мэт санагддаг. Гэвч бодит байдал дээр үргэлж олон өөр байр суурь оршсоор байдаг. Тиймээс мэдээллийн савангийн хөөсөө “хагалах” дараах энгийн алхмуудыг туршаад үзээрэй.

  • Алгоритмыг “хуурах”

Алгоритм таны дагадаг хүмүүс, сонирхдог агуулгад тулгуурлан feed-ийг бүрдүүлдэг. Тиймээс өөрөөсөө өөр үзэл бодолтой хүмүүс, хуудсуудыг дагаж эхэлбэл та шинэ өнцөг, өөр тайлбаруудыг харж эхэлнэ.

  • Эх сурвалжаа өргөжүүлэх

Зөвхөн нэг сошиал платформ, нэг сайт дээр тогтмол үлдэхээс зайлсхий. Өөр өөр мэдээллийн эх сурвалжуудыг уншиж, харьцуулж үзэх нь илүү бодит зураглал харахад тусална. Гэхдээ найдвартай эх сурвалж сонгох нь чухал.

  • Оффлайн харилцааг нэмэгдүүлэх

Зөвхөн feed-ээс мэдээлэл авахын оронд найз нөхөд, гэр бүл, хамт олон, оюутнуудтай бодитоор ярилцах нь илүү олон өнцөг харахад тусалдаг. Бодит амьдрал дээр хүмүүс өөр өөрөөр боддог гэдгийг ойлгох нь filter bubble-ээс гарах хамгийн чухал алхмуудын нэг юм.
Дэлхий үнэхээр том. Харин бидний харж буй дэлхий заримдаа алгоритмын хэмжээгээр багасдаг. Тиймээс танд өөрөөсөө асуух асуулт үлдэж байна.

Бид дэлхийг харж байна уу, эсвэл зөвхөн өөрсдөдөө зориулсан жижигхэн хувилбарыг нь л харж байна уу?

Сэтгэгдэл