
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2026.04.07/ хуралдаан 15.28 цагт А.Ариунзаяа, Ж.Бат-Эрдэнэ, Б.Батбаатар Ж.Батжаргал, Б.Баярбаатар, Э.Болормаа, С.Бямбацогт, А.Ганбаатар, Ц.Даваасүрэн, С.Зулпхар, Ц.Идэрбат, Э.Одбаяр, Б.Пүрэвдорж, Ц.Сандаг-Очир, Г.Уянгахишиг, Б.Хэрлэн, Л.Энх-Амгалан, Д.Энхтуяа нарын гишүүд ирснээр 53.1 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх тухай байлаа.
Дараа нь Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэв. Хуулийн төслийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр танилцууллаа.
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг Улсын Их Хурлын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно. Улсын Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Уул гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол Улсын Их Хурал түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна”, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3-т “Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор Үндсэн хууль зөрчсөн эсэх”, мөн зүйлийн 4-т “Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдыг огцруулах, Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах үндэслэл байгаа эсэх” асуудлаар Үндсэн хуулийн цэц дүгнэлт гаргахаар зохицуулжээ.
Түүнчлэн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ. Хэрэв Улсын дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгоно. Улсын дээд шүүхийн тайлбар хуульд харшилбал хуулийг дагаж биелүүлнэ” гэж, Жаран долдугаар зүйлд “Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гармагцаа хүчин төгөлдөр болно” гэж тус тус заажээ.
Улсын Их Хурлын гишүүн Үндсэн хуулийг зөрчсөн нь Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүнийг эгүүлэн татах үндэслэл болох бөгөөд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт энэ тухай гаргасан Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг “хүлээн зөвшөөрсөн бол түүнийг эгүүлэн татах эсэх асуудлыг Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэнэ” гэжээ. Гэтэл Улсын Их Хурлын гишүүн Үндсэн хууль зөрчсөн тухай асуудлаар гаргасан Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Улсын Их Хурал “хүлээн зөвшөөрөх”, “хэлэлцэн шийдвэрлэх” эрхгүй байгаа бөгөөд Жаран долдугаар зүйлд зааснаар Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гармагцаа хүчин төгөлдөр болж Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татахаар байна.
Мөн зүйлд “Уул гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол Улсын Их Хурал түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна” гэсэн заалтыг шүүхээс хэрхэн хэрэгжүүлэх нь тодорхойгүй байна хэмээн танилцуулав.
Мөн тэрбээр, Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ.” хэмээн заасан. Энэхүү Үндсэн хуулийн зарчим ёсоор иргэд төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагаа, ард түмний элчийн хувьд Улсын Их Хурлын гишүүний ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, цаашлаад сонгож байгуулсан төлөөлөгчдийн байгууллагын гишүүнийг Үндсэн хууль, бусад хууль зөрчсөн тохиолдолд бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болох буюу эгүүлэн татах үндэслэлийг тодорхой болгохыг шаардах болсон.
Үүнтэй холбоотой Монгол Улсын Их Хурлын тухай хуульд Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болох буюу эгүүлэн татах үндэслэлийг тодотгох шаардлага тулгамдаж байна. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын Үндсэн хуульт байгууллыг бататган бэхжүүлэх тухай 3.3.1 дүгээр зүйлийн 3.3.1.1-т “Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоосон төрийн удирдлагын болон байгууламжийн хэлбэр, төрийн эрх мэдлийн хуваарилалт, ардчилал, эрх зүйт ёс, үндэсний эв нэгдлийг хангах зарчмыг тууштай хэрэгжүүлнэ”, 3.3.1.3-т “Төрийн эрх мэдлийг Үндсэн хуулийн бус аргаар авахыг завдсан аливаа оролдлоготой шийдвэртэй тэмцэнэ” гэж тус тус заасан байдаг нь уул баримт бичгийн 1.1.4-т заасан “Хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх зарчим, парламентын засаглалд суурилсан, нийгмийн тогтвортой байдлыг хангасан ардчилсан төрийн тогтолцоо нь үндэсний аюулгүй байдлыг хангах баталгаа мөн” гэдэг заалтыг хангах чухал арга зам болно. Иймээс Улсын Их Хурлын гишүүн Үндсэн хуулийг зөрчсөн гэж Үндсэн хуулийн цэц дүгнэсэн болон гэмт хэрэг үйлдсэнийг нь шүүх тогтоосон бол эгүүлэн татаж хууль зүйн болон ёс зүйн хариуцлага хүлээлгэх явдал парламентын ардчиллыг бэхжүүлэх, үндэсний аюулгүй байдлыг хангахад тулгамдсан асуудал болсоор байна.
Энэхүү хуулийн төслийн зорилго нь өргөсөн тангаргаасаа няцсан, ард түмний элчийн хувьд төлөөлөх, хууль тогтоох чиг үүргийг хэрэгжүүлэхдээ Улсын Их Хурлын ээлжит чуулганы хуралдааны 30-аас дээш хувьд хүрэлцэн ирээгүй болон санал хураалтад биечлэн оролцоогүй, гишүүний ёс зүйн дүрмийг ноцтой болон удаа дараа зөрчсөн Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татаж хууль зүйн хариуцлагыг тодорхой, ил тод, үр нөлөөтэй болгох замаар Үндсэн хуульт байгууллыг бататган бэхжүүлэх, үндэсний аюулгүй байдлыг хангахад оршино.
Хуулийн төсөл батлагдсанаар Улсын Их Хурлын гишүүн ардчилсан ёсны зарчмын дагуу ард түмнээс олгосон мандатыг хүндэтгэхийн сацуу Үндсэн хууль зөрчсөн, гэмт хэрэг үйлдсэн, ёс зүйн ноцтой зөрчил гаргасан тохиолдолд эгүүлэн татах тухай Үндсэн хуулийн зохицуулалтыг амьдралд хэрэгжүүлэх, парламентын засаглалыг бэхжүүлэх, улс төрийн намыг хариуцлагатай болгох, төрийн үйл ажиллагааны тэгш байдал, хууль дээдлэх зарчмыг хангахад онцгой ач холбогдолтой юм гэлээ.
Хууль санаачлагчийн илтгэл, хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хуулийн төслийг дэмжсэн болон дэмжээгүй байр сууриа илэрхийлсэн. Хуралдаан даргалагч зарим гишүүдийн зүгээс УИХ-ын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгч, хуулийн төслөөр хөндөгдөж орж ирсэн асуудлуудыг боловсронгуй болгоод цааш хэлэлцэх нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийлсэн бол нөгөө хэсэг нь хууль, эрх зүйн хувьд хүлээн авах боломжгүй хэмээн асуудалдаа хандаж байгааг тодотгов. Тийм учраас намуудын төлөөллийг жигд багтаан ажлын хэсэг байгуулаад, хуулийн төслийг тал бүрээс нь авч үзэн илүү боловсронгуй болгоход анхаарах нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлэв.
Ингээд хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжиж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.