
Татварын тухай хуульд аж ахуйн нэгж, иргэддээ боломж олгосон нэмэлт, өөрчлөлт оруулж, яаралтай хэлэлцүүлэхийг Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болголоо. Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал өнөөдөр Сангийн сайд З.Мэндсайхан, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир, Нийгмийн даатгал болон Татварын газрын удирдлагуудтай уулзаж, Бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийн талаар тодруулга авч, үүрэг даалгавар өгсөн юм.
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих тогтоол гаргаж, татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй хуулийн этгээдийн дансыг нээхээр болсон. Ерөнхий сайд Н.Учрал УИХ-ын даргаар ажиллаж байхдаа дэвшүүлсэн “ЧӨЛӨӨЛЬЕ” санаачилга, эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлтийн бодлогоо ажил хэрэг болгон хэрэгжүүлэхээ зарласан. Энэ дөрвөн чөлөөлөлтийн хамгийн чухал нь эдийн засгийн чөлөөлөлт. Ирж буй эдийн засгийн сорилтыг хэрхэн давж гарах вэ гэвэл иргэд, аж ахуйн нэгжүүддээ итгэж боломж олгох. Ийм зорилгоор Засгийн газрын тогтоол гаргалаа. Данс нь хаагдсан, татварын өртэй 12100, нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй 6042 компанийн данс нээгдлээ. Тодорхой хугацаанд дансыг нээж, энэ хугацаанд татвараа, нийгмийн даатгалаа төлөх боломжийг олголоо. Ингэж байж эдийн засгаа идэвхжүүлнэ гэдгийг онцлов.
Татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтөд борлуулалтын орлого 400 саяас доош байвал НӨАТ-с чөлөөлөх, үл хөдлөх хөрөнгийн хоёр хувийн татварыг болиулах зэрэг шинэчлэл оруулах ёстойг Ерөнхий сайд хатуу анхааруулаад Татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг яаралтай боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болголоо. 12,153 татвар төлөгч хуулийн этгээдийн 3,547.0 тэрбум төгрөгийн өрд арилжааны банк дахь данс битүүмжлэлтэй байсан. Данс битүүмжлэлийг чөлөөлөх ажиллагаа улсын хэмжээнд бүрэн хэрэгжсэн гэж Сангийн сайд З.Мэндсайхан танилцууллаа.
Бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллаж байна. 21 аймаг, есөн дүүргийн нийгмийн даатгалын газрын дарга нартай цахим хурал зохион байгуулж данс нээх ажиллагааг чирэгдэл үүсгэхгүй зохион байгуулна. Нийгмийн даатгалын газруудад зөвлөх утсаар зөвлөгөө мэдээлэл өгч байна. Мөн уулзалт хийж, өр төлөх график гаргаж өгч байна. Нийгмийн даатгалын шимтгэл төлөх ажил олгогч болон ажилтны тоо 2025 онд 20 гаруй мянгаар нэмэгдсэн. Энэ нь НДШ төлөхийн ач холбогдлыг иргэд ойлгож, хариуцлагатай хандаж буйн илрэл гэж ГБХНХ-ын сайд Т.Аубакир хэллээ.