
Өчигдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор Ерөнхийлөгчийн санаачилсан “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах төсөл” буюу Монгол Улсын их хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцлээ. Байнгын хорооны гишүүдийн хувьд чуулганы ирцтэй холбоотой өөрчлөлтийг бүгд дэмжсэн. Тодруулбал, УИХ-ын гишүүн ээлжит чуулганы хуралдааны 70-аас доошгүй хувь нь ирж, биечлэн оролцсон байх ёстой гэсэн зохицуулалт оруулахаар тусгаад байна. Ийм өөрчлөлт хийхгүй бол гишүүд чуулгандаа ирдэггүй, байнгын хорооны ирц бүрддэггүй байдал засрахгүй гэдгийг гишүүд хэлж байлаа. Мөн гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол эгүүлэн татах нь зайлшгүй байх ёстой зохицуулалт. Үүн дээр гишүүд ямар нэгэн шүүмжлэлт байр суурь илэрхийлсэнгүй.
Тухайлбал, гишүүн өргөсөн тангарагаасаа няцсан тохиолдолд эгүүлэн татах заалт нь хэт хийсвэр, тодорхойгүй байна гэдгийг гишүүд хэлсэн. Энэ заалтыг хэрэгжүүлэхдээ УИХ-ын гишүүний тангарагт өөрчлөлт оруулж, ёс зүйг чанд баримтална гэсэн агуулга нэмэхээр хуулийн төсөлд тусгаад байна. Ингэснээр УИХ-ын гишүүн ёс зүйн дүрэм зөрчсөн тохиолдолд эгүүлэн татагдах нөхцөл бүрдэнэ гэсэн үг. Мөн хуулийн төсөлд УИХ-ын гишүүн ёс зүйн дүрмийг ноцтой болон удаа дараа зөрчсөн тохиолдолд гэж оруулжээ. Тэгвэл ноцтой зөрчил гэж юуг хэлэх вэ гэх асуултыг олон гишүүн асуусан. Энэ асуултад ажлын хэсгийн гишүүд буюу Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга А.Бямбажаргал нар ямар зөрчлийг ноцтой зөрчил гэж үзэхийг гишүүд та бүхэн өөрсдөө мэднэ. УИХ-ын тогтоолоор гишүүний ёс зүйн дүрмийг баталдаг. Энэ дүрмэндээ өөрчлөлт оруулах бүрэн эрх нь та бүхэнд байгаа гэсэн хариулт хэлж байлаа.
Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүд өөрсдийн баталсан ёс зүйн дүрмээ удаа дараа зөрчвөл эгүүлэн татагдах нөхцөл бүрдэнэ. Харин ноцтой зөрчил гаргавал шууд эгүүлэн татагдах болзлоо хангах нь ээ. Энэ нь эргээд УИХ-ын гишүүдийг хэн дуртай нь ямар нэгэн ёс зүйн асуудлаар шалтаглан, эсвэл албаар ёс зүйн асуудалд оруулж буцаан татуулах эрсдэл үүсгэнэ. Ийм байдал нь парламентын дархлаанд шууд сөрөг нөлөө үзүүлнэ гэдгийг олон гишүүн анхааруулсан юм.
Үүнээс гадна жагсаалтын гишүүдийг нам нь эгүүлэн татах шийдвэр гаргах заалт орж ирсэн нь шүүмжлэл дагуулав. УИХ-ын гишүүн бол ард түмнээс сонгогдсон төлөөлөл. Гэтэл намын байгууллага нь тухай жагсаалтын гишүүнийг эгүүлэн татах нь хүссэн хүнээ буцааж татдаг, дараагийн хүнээ оруулдаг буруу жишиг рүү оруулах эрсдэлтэй. Энэ мэтээр хэн дуртайг нь хольж сольдог байдал даамжирвал парламент тогтворгүй болж, дархлаагаа алдана гэдгийг сануулсан.
Гэвч байнгын хорооны гишүүдийн олонхын саналаар энэ хуулийн төслийг үзэл баримтлалын хувьд дэмжих нь зүйтэй гэж үзэж, УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэхээр боллоо.