
Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Насантогтохын холбогдсон эрүүгийн хэргийг мөрдөн шалгах явцад 7,5 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх 17 үл хөдлөх хөрөнгө, 3 тээврийн хэрэгслийг битүүмжилсэн байна. Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад 6,9 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх 17 үл хөдлөх хөрөнгө, 635,7 сая төгрөгийн үнэлгээтэй 3 тээврийн хэрэгслийг битүүмжлэн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан бөгөөд уг хэрэгт 7 хүн, 1 хуулийн этгээдийг яллагдагчаар татан шалгаснаар гэмт хэргийн шинжтэй 10 үйлдэлд 3,7 тэрбум төгрөгийн үндэслэлгүй хөрөнгөжсөн үйлдлийг тогтоосон. Түүнчлэн 53 хүнээс гэрчийн мэдүүлэг авч, 47 баримтад үзлэг хийж, аж ахуйн нэгж, байгууллагуудаас 65 лавлагаа болон арилжааны банкнаас 35 дансны хуулга гаргуулан авсны зэрэгцээ санхүүгийн мөрдөгчийн магадлагаа хийлгэсэн байна.