
Туулын хурдны замын төслийг түр зогсоолоо
Туулын хурдны замын төслийн хэрэгжилттэй холбогдуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, тус яамны холбогдох газрын дарга нар нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай, Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр болон төслийн гүйцэтгэгч БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Хаоюань женерал констракшн” ХХК-ийн төлөөлөлтэй өчигдөр уулзалт хийлээ.
Уулзалтын төгсгөлд БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн байгаль орчныг хамгаалах, зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, стратегийн үнэлгээний зөвлөмжийн хэрэгжилтийг хангах, нөлөөллийн нарийвчилсан үнэлгээгээр тогтоосон сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах, урьдчилан сэргийлэх, төсөл хэрэгжих орчинд бий болж болзошгүй сөрөг үр дагаврыг хянах, илрүүлэх зорилгоор тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулж, батлуултал төслийн үйл ажиллагааг түр зогсоох шийдвэр гаргалаа.
2026 онд төлөвлөсөн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
Монгол Улсын Засгийн газраас баталсан 2026 оны нэгдсэн төлөвлөгөөнд 9376 иргэн, аж ахуй нэгж, байгууллагын объектод хяналт шалгалт хийхээр байсныг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар цуцаллаа. Төрийн хяналт, шалгалтын 50 хувьд нь торгох шийтгэл ногдуулж байна. Иймээс хүндрэл, чирэгдлээс чөлөөлж, бизнес эрхлэх үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлнэ гэж Ерөнхий сайд онцоллоо.
Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө
Ган үйлдвэрлэлийн цогцолборын олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа
Ган үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дэлхийд тэргүүлэгч улс орон, томоохон аж ахуй нэгж, хөрөнгө оруулагч нарт Дархан-Уул аймгийн Орхон сумын нутагт Ган үйлдвэрлэлийн цогцолбор төсөлд хөрөнгө оруулан хамтран ажиллах урилга, сонгон шалгаруулалтын баримт бичгийг хүргүүлнэ. Сонгон шалгаруулалтыг ирэх сарын 27-ны дотор зохион байгуулна. Урьдчилсан ТЭЗҮ-ээр нийт хөрөнгө оруулалт 806 сая ам.доллар байхаар тооцоолжээ.
“Монгол Улс дотоодынхоо хэрэгцээг хамгийн багадаа 60-70 хувь хангах хэмжээний хүчин чадалтай гангийн үйлдвэртэй болно. Гангийн үйлдвэрийг барьж ашиглалтад оруулснаар цементийн өртөг хоёр дахин буурна. Барилгын материалын үндсэн түүхий эдийн үнийг бууруулах, импортын хамаарлыг багасгах, 1700 орчим байнгын ажлын байр бий болгох аж үйлдвэрийн төсөл гараанаас гарахад бэлэн болж байна” гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням хэллээ.
Хаврын тариалалтад 10 мянган тонн шатахуун нөөцөлсөн
Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо. Мөн хаврын тариалалтад зориулж, 10000 тонн шатахууныг тариалан эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд олгохоор нөөцлөөд байна. Үүнээс гадна хаврын тариалалтад зориулж үрийн хангамжийг нэмэгдүүлэх, газар тариалан эрхлэгчдэд арилжааны банкуудаар дамжуулан зээл олгох зэргээр тариаланчдаа дэмжинэ гэж мэдээллээ.
УИХ-ын дарга С.Бямбацогт Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэнтэй уулзаж, төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо. Үндэсний аудитын газар 2025 онд 42 сэдвийн хүрээнд санал, дүгнэлтээ гаргасан бол 2026 онд төлөвлөгөөт 9 сэдэв болон төлөвлөгөөт бус сэдвүүдээр хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэн ажиллаж байгаа талаар дэлгэрэнгүй танилцууллаа. Тухайлбал Төв банкны чиг үүрэг, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилт, Улстөрийн намын санхүүжилт зэрэг асуудлаар аудитын дүгнэлт гаргахаар ажиллаж байгаа юм байна. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхий Аудитор С.Магнайсүрэн танилцуулгадаа аудитын дүгнэлт заавал хэрэгждэг байхад тодорхой эрх зүйн зохицуулалт үгүйлэгдэж байгаа бөгөөд энэ хүрээнд гурван хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага байгаа талаар дурдав. Иймээс УИХ-ын дарга төсвийг хэрхэн хэмнэж, үр ашигтай зарцуулах, тэвчиж болох зардал, орон тооны судалгаа гаргах, төсвийн сахилга батыг сайжруулахтай холбоотой асуудлаар санал, зөвлөмж, шийдэл танилцуулахыг Ерөнхий аудитор С.Магнайсүрэнд үүрэг болголоо.
Цахим спортыг татварын бодлогоор дэмжинэ
Төсвийн байнгын хорооны хурлаар УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Б.Бат-Эрдэнэ нарын өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцлээ. Шинэ тутамд эрчимтэй хөгжиж байгаа ирээдүйд амжилт үзүүлэх боломжтой гэж үзэж болох и-спортын төрлийг татварын бодлогоор дэмжих зорилгоор энэ хуулийн төслийг боловсруулсан байна.
Хуулийн төсөлтэй холбогдуулан Гаалийн тариф, Гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тус тус боловсруулжээ. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэх санал хураалтыг явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 56.3 хувь нь дэмжлээ. Харин хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Гаалийн тариф, Гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.
Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Насантогтохын холбогдсон эрүүгийн хэргийг мөрдөн шалгах явцад 7,5 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх 17 үл хөдлөх хөрөнгө, 3 тээврийн хэрэгслийг битүүмжилсэн байна. Насантогтох нь Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа нэр бүхий аж ахуйн нэгжид техникийн нөхцөл олгохдоо холбогдох журмыг зөрчиж бусдад давуу байдал бий болгосон, албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд нэр бүхий аж ахуйн нэгжүүдээс 281,0 сая төгрөгийн үнэлгээтэй орон сууц, 100,0 сая төгрөг, 30,0 мянган ам.долларын хахууль авсан, түүний хөрөнгө, орлого нь их хэмжээгээр буюу 3,4 тэрбум төгрөгийн үнэлгээтэй 4 үл хөдлөх хөрөнгө, 2 тээврийн хэрэгсэл болон 80,0 мянган ам.доллараар нэмэгдсэнийг хууль ёсны болохоо тайлбарлаж чадаагүй буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон байна.