Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн санал хураалтыг хойшлууллаа
2026-04-09

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачлан боловсруулсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах буюу Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг Төрийн байгуулалтын байнгын хороо 66.7 хувиар дэмжсэн. Харин өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж, санал хураалтыг маргааш өглөөний 10 цагт хийхээр хойшлууллаа.

Гишүүдийн хувьд энэ хууль батлагдсанаар парламентын дархлаа суларч, нэг намын дарангуйлал тогтох, сөрөг хүчнээ ёс зүйгээр шалтаглан парламентаас хөөж явуулдаг буруу жишиг тогтох эрсдэлтэй гэж үзэж байна. Мөн энэ хуулийг Ерөнхийлөгч санаачлан оруулж ирсэн нь хууль эрх зүйн хувьд маргаан дагуулсан. Учир нь Ерөнхийлөгчийн хууль санаачлах хүрээ хязгаар парламентын үйл ажиллагаа руу халдах ёсгүй. Гэтэл Ерөнхийлөгч ямар ч хууль санаачлах эрхтэй гэх байдлаар хууль санаачлагчийн зүгээс тайлбарлаж буй нь анхаарал татаж байна.

Ерөнхийлөгч санаачлан боловсруулсан хуулийн төсөлдөө:

  • Гишүүн өргөсөн тангаргаасаа няцсан,
  • Гишүүний ёс зүйн дүрмийг ноцтой болон удаа дараа зөрчсөн,
  • Гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн эцсийн шийдвэрээр тогтоогдсон бол УИХ-ын Ёс зүйн дэд хороо, УИХ-ын нэгдсэн чуулганаар заавал нээлттэй хэлэлцэж, Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээр эгүүлэн татахаар тусгасан юм.

Мөн УИХ-ын гишүүн УИХ-ын ээлжит чуулганы хуралдааны 70-аас доошгүй хувьд хүрэлцэн ирсэн, ээлжит чуулганы санал хураалтын 70-аас доошгүй хувьд биечлэн оролцсон байх шаардлагатайг тусгажээ.

Сэтгэгдэл