Интернэт дэх цуурайтдаг өрөө буюу echo chamber
2026-04-10

Алгоритмаас илүү аюултай зүйл бол таны өөрийн сонголт: Интернэт дэх Echo Chamber

Өмнөх дугаартаа бид алгоритм биднийг хэрхэн Filter Bubble-д түгждэгийг үзсэн. Тэгвэл энэ удаа технологиос ч илүү аюултай, бидний өөрсдийн бүтээдэг Echo Chamber буюу "Цуурайтдаг өрөө"-ний тухай ярилцъя.

Ялгаа нь юу вэ?

  • Filter Bubble (Алгоритм): Фэйсбүүк, ТикТок таны лайк дээр үндэслэн танд таалагдах мэдээллийг "нууцаар" шүүж өгдөг. Энэ бол технологийн хаалт.

  • Echo Chamber (Таны сонголт): Та өөрөө өөртэйгөө санал нийлэхгүй хүмүүсийг "unfollow" хийж, зөвхөн өөрийнхөө зөв гэдгийг батлах мэдээллийг хайх үйлдэл. Энэ бол сэтгэл зүйн хаалт.

Интернэт биднийг яаж өөрчлөв? 

Бодит амьдрал дээр бид өөр үзэлтэй хамаатан, хамт олныхоо яриаг сонсохоос өөр аргагүй байдаг. Харин сошиал медиа бидэнд "таагүй бүхнийг ганц товчлуураар алга болгочих" супер хүчийг өгсөн. Үр дүнд нь таны ертөнцөд зөвхөн таны л дуу хоолой цуурайтаж, шүүмжлэлт сэтгэлгээ үгүй болж, нийгмийн талцал гүнзгийрдэг.

Хамгийн сонирхолтой нь алгоритм биш, бид өөрсдөө энэ орчныг улам бататгадаг. Алгоритм Filter Bubble-ийг үүсгэдэг бол бидний сонголт Echo Chamber-ийг бий болгож, хоёулаа нийлээд мэдээллийн хаалттай ертөнцийг бүрдүүлдэг.

Тиймээс Echo Chamber-оос гарах хамгийн энгийн алхам бол өөр үзэл бодолтой хүмүүсийг дагах, өөр төрлийн эх сурвалж унших, мөн “Миний буруу байж магадгүй шүү” гэж бодож сурах юм. Дараагийн удаа таны үзэл бодолтой санал нийлэхгүй пост харагдвал шууд unfollow хийхийн оронд нэг удаа уншаад үзээрэй. Магадгүй таны ертөнц арай илүү өргөн болох ч юм билүү.

 
Сэтгэгдэл