
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ-ын захирал Д.Тогтохсүрэнд холбогдох 2501000320053 дугаартай эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, нийт 35 хавтас, 8319 хуудас бүхий хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүллээ.
Тогтохсүрэнг эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 2, 22.4 дүгээр зүйлийн 3, 22.1 дүгээр зүйлийн 3, 22.5 дугаар зүйлийн 1, 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, бусдад давуу байдал бий болгосон, бусдаас хахууль авсан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, 2026 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс шалгасан.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хахуулийн 250,000,000 төгрөгийг хураан авч, тамга, гар утас зэргийг эд мөрийн баримтаар тооцож, 1,8 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан бөгөөд уг хэрэгт 74 хүнээс гэрчийн мэдүүлэг авч, 53 баримтад үзлэг хийж, аж ахуйн нэгж, байгууллагуудаас 88 лавлагаа болон арилжааны банкнаас 31 дансны хуулга гаргуулан авсны зэрэгцээ хоёр шинжээчийн дүгнэлт гаргуулсан байна.