Анхдагч арилжаагаа биржээр дамжуулан хийгээгүй 21 койны үйл ажиллагааг зогсоожээ
2022-03-04

      УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар “УИХ ба сэтгүүл зүй” цуврал сургалтыг УИХ-ын Тамгын газраас зохион байгуулж байгаа. Парламентаас удирдлагыг нь томилдог байгууллагууд болох Авлигатай тэмцэх газар, Үндэсний статистикийн хороо, Төрийн албаны зөвлөл, Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний аудитын газартай хамтран энэ удаагийн сургалт (өчигдрийн)-ыг зохион байгууллаа.

       УИХ-ын Тамгын газрын дэд дарга С.Батбаатар сургалтыг нээж хэлсэн үгэндээ, “Сэтгүүлчид УИХ-ын үйл ажиллагааг олон нийтэд мэдээлдэг. Хариуд нь парламентын мэргэшсэн сэтгүүлчийг төлөвшүүлэхэд УИХ-ын үүрэг зайлшгүй байх ёстой гэж УИХ-ын дарга үзэж байгаа. Тиймээс ч УИХ-ын дарга сургалтуудад өөрөө манлайлан оролцож, чуулганы завсарлагааны хугацаанд парламентаас удирдлагыг нь томилдог байгууллагуудтай хамтран сэтгүүлчдийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн цуврал сургалтыг зохион байгуулж байна. Монголбанктай хамтарсан эхний сургалтаар банк санхүү, эдийн засаг, төсөв мөнгөний асуудал, Хүний эрхийн үндэсний комисстой хамтарсан хоёр дахь сургалтаар хүний эрхийг хангах, шударга ёс тогтоох асуудлаар сэтгүүлчдээ сургалтад хамруулсан” гэв.   

       Г.Занданшатар: Хөгжлийн банкийг Хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжинэ  

    УИХ-ын дарга Г.Занданшатар “Үндсэн хууль ба засаглалын харилцан хяналт-тэнцэл” сэдэвт илтгэлийнхээ эхэнд цуврал сургалтын үндсэн зорилго нь олон нийтийг үнэн зөв, тэнцвэртэй мэдээллээр хангах үндсэн үүрэгтэй ажилладаг сэтгүүлчдийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэж буйг тэмдэглэхийн зэрэгцээ орчин үед дайн хүртэл хэвлэлээр “явагддаг” болсон учир олон нийтэд мэдээлэл хүргэх хэвлэлийн байгууллагуудын үүрэг, хариуцлага маш чухал гэдгийг тэмдэглэсэн. Тэрбээр илтгэлээрээ өмнөх сургалтуудын үеэр сэтгүүлчдээс тавьсан хүсэлтийн дагуу УИХ-ын Хяналт, шалгалтын тухай хуулийн гол зохицуулалтыг тодруулан мэдээлэл өглөө.

    Авлигатай тэмцэх газар, Үндэсний статистикийн хороо, Төрийн албаны зөвлөл, Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний аудитын газрын төлөөллүүд тодорхой сэдвээр илтгэл танилцуулж, сэтгүүлчдийн асуултад хариулсан. Энэ үеэр хөндөгдсөн гол асуудал, онцлох мэдээллийг хүргэе.

  • Нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар УИХ-ын гишүүдийн ¼-ээс доошгүй буюу 19 ба түүнээс дээш гишүүн санал гаргасан тохиолдолд УИХ-ын Хянан шалгах түр хороог байгуулах боломжтой. Хөгжлийн банкны асуудлаар УИХ-аас Хянан шалгах түр байгуулахыг дэмжиж байгаагаа дарга Г.Занданшатар хэлсэн.
  • Цагдан хорих, сэжигтнээр тооцох гэдэг нь ялгаатай ойлголт. “Тодорхой гэмт хэрэгтнийг 48 цаг хориод л суллачихлаа” гэх шүүмжлэл нийгэмд өрнөдөг. Хуульд зааснаар сэжигтнийг баривчлах зөвшөөрлийг шүүгч олгох бөгөөд баривчлах, саатуулах хугацаа 48 цаг байна. Харин хойшлуулшгүй тохиолдолд, эсвэл гэмт хэрэг хийж байхад нь, гэмт хэрэг үйлдсэн гэж гэрч, хохирогч шууд заасан, тухайн хүний хувцас, бие, орон байр, эд зүйл, тээврийн хэрэгсэлд гэмт хэргийн ул мөр илэрсэн тохиолдолд шүүгчийн зөвшөөрөлгүйгээр баривчилж болно.  
  • Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлахыг завдсан, оргон зайлсан, мөн шүүгч, прокурор, мөрдөгч, хохирогч, гэрч, шинжээч, гэмт хэрэг хамтран үйлдсэн хүнийг дарамталсан, сүрдүүлсэн, эсхүл тэдгээрийн болон өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа, эсвэл гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа тохиолдолд шүүх яллагдагчийг цагдан хорих шийдвэр гаргана.  
  • Хуульд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан тохиолдолд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй. Тиймээс тодорхой төрлийн хэргүүдэд хөөн хэлэлцэх хугацааг аль болох урт болгох шаардлагатай.  
  • Open.audit.mn сайтад олон нийтийн анхаарал татсан сэдвээр болон аудитын бусад мэдээлэл, тайлангуудыг нийтэлдэг болсон.    
  • НҮБ-аас дата сэтгүүлзүйг дэмжиж ажиллахыг статистикийн байгууллагуудад зөвлөмж болгосон. 1212.mn сайтыг сэтгүүлчид болон олон нийт ашиглахад хялбар болгон шинэчилж байгаа.
  • Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийг өнгөрсөн сарын 25-нд мөрдөж эхэлсэн. Ирэх зургадугаар сарын 25-наас эхлэн виртуаль хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийг бүртгэнэ. Бүргүүлээгүй этгээд цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй. Монголд 59 койн, тэдгээрийг арилждаг 23 платформ бий.
  • 21 койны үйл ажиллагааг Санхүүгийн зохицуулах хорооноос зогсоохоор шийдвэрлэсэн. Учир нь санхүүгийн зах зээлд анхдагч арилжаа хийхдээ биржээр дамжуулан хийгээгүй аж. Өөрөөр хэлбэл, тухайн койныг гаргагч хувь хүн, аж ахуйн нэгж нь өөрсдөө захиалга авч, арилжаа хийсэн байна. Тиймээс Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуульд заасны дагуу 21 койны үйл ажиллагааг зогсоож, хоёрдогч зах зээлд гаргах боломжгүй болжээ. Эдгээр койны нэрийг удахгүй нийтэд зарлана.
  • 2021 оны байдлаар Төрийн албан хаагчийн тоо 205 мянгад хүрчээ. Энэ оны тоог Төрийн албаны зөвлөлөөс удахгүй гаргана. Уг тоонд төрийн өмчит компаниудын ажилтнуудын тоо багтаагүй.
  • Төрийн албаны тухай хуульд зааснаар сул орон тоо гарсан тохиолдолд холбогдох байгууллагаас Төрийн албаны зөвлөлд захиалга хүргүүлнэ. Уг захиалгын дагуу сонгон шалгаруулалт явуулж, өндөр оноо авсныг нь нэр дэвшүүлж, томилуулдаг. Гэтэл “Цар тахлын хууль”-ийг далимдуулан төрийн байгууллагууд сул орон тоонд захиалга ирүүлэхгүй, өөрсдөө мэдэн түр томилгоо хийсэн байна. Ийм тохиолдолд буюу холбогдох байгууллагаас захиалга ирүүлээгүй тохиолдолд ямар арга хэмжээ авахыг хуульд заагаагүй учир төрийн албаны түр томилгоо “газар авсан”.  

 

Сэтгэгдэл