Өнөөдрийн чуулганаар юу хэлэлцэв?
2026-04-17
  • Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, зарчмын зөрүүтэй 11 саналаар санал хураалт явууллаа. Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгээс боловсруулсан хууль хоорондын зөрчилтэй болон агуулгын давхцалтай заалтуудыг хасах, Үндэсний судалгааны нэгдсэн мэдээллийн санг шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцаж, ил тод, нээлттэй ажиллуулах зэрэг зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм. Зарчмын зөрүүтэй саналуудыг дэмжсэн тул хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүллээ.
  •  “Монгол Улсын нутаг дэвсгэрийн газар зүйн нэрийн жагсаалт”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх, эсэх асуудлаар санал хураалт явуулав. Тогтоолын төслийг Улсын Их Хурлын чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүллээ.
  • Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг эхлүүллээ. Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг Төсвийн байнгын хорооны хуралдаанаар явуулсан тухай танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн П.Ганзориг хийв. Байнгын хорооны хуралдааны үеэр хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулах үед гүйцээн боловсруулах чиглэл өгсөн зарчмын зөрүүтэй нэг саналаар санал хураалт явуулсан. Мөн хуулийн төслийн 5 дугаар зүйлд “Дунд хугацаанд хэрэгжих төслийн орлогоос хөрөнгө оруулалтаараа зардлаа бүрэн нөхөх боломжтой эдийн засгийн үр ашиг бүхий хөгжлийн төсөл, арга хэмжээг нэгдсэн төсөвт нөлөө үзүүлэхгүйгээр санхүүжүүлэх чиглэлийг баримтална” гэсэн хэсэг нэмэх ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй аж. Төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл үг хэлж, хуульчлахаар төлөвлөсөн зохицуулалтын цаана улсын төсвийн тогтвортой байдал, өр, зээлийн хязгаар зэрэг олон асуудал хөндөгдөх, Монгол Улсыг хоёр төсөвтэй болгох эрсдэл үүсэж болзошгүй тул сайтар нягтлан ярилцах шаардлагатай гээд, хэлэлцүүлгээс нэг хоногийн завсарлага хүсэв. Завсарлага авах хүсэлт үндэслэлтэй гэж үзэн хуралдаан даргалагч, Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт тус намын бүлэгт нэг хоногийн завсарлага өглөө.
  • Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов дарааллын дагуу Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн зарим зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуульд нийцээгүй тухай Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцсэн юм. Дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Гангабаатар чуулганы нэгдсэн хуралдаанд уншиж танилцуулав. Үндсэн хуулийн цэцийн 02 дугаар дүгнэлтийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Энхцэцэг тус тус танилцуулав. Байнгын хороодоос дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэн байна. Үндсэн хуулийн цэцийн 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн Байнгын хороодын саналаар санал хураалт явуулахад Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул тус дүгнэлтийг хүлээн авах тухай Улсын Их Хурлын тогтоолыг батлагдсанд тооцлоо.
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн 50 хувь нь төрийн захиргааны албан хаагч байж болох тухай зохицуулалтыг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд оруулахаар Улсын Их Хурлын гишүүн У.Отгонбаяр нарын найман гишүүн хуулийн төсөл боловсруулсны эцсийн хэлэлцүүлгийг хийв. Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаар Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар танилцууллаа. Тус байнгын хорооны хуралдаанаар хуулийн төсөл дэх “тавин хувь” гэснийг “гучин хувь” гэж бууруулах тухай анхны хэлэлцүүлгийн үед гарсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг дэмжиж шийдвэрлэжээ. Ингээд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Сэтгэгдэл