Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдэд хагас кокс болон хийн түлш борлуулах зорилготой “Хотула” апликэйшнээр дамжуулан ногоон оноо өгнө гэж нийслэлийн удирдлагууд мэдэгдсэн. Гэвч энэ нь иргэдийн халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж, хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг зөрчсөн байж болзошгүй тул Хүний эрхийн үндэсний комиссоос шалгалтын ажиллагаа явуулж, дараах дүгнэлтийг гаргасан байна.
- Хуульд нийцээгүй. Хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд заасан мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглахад хүний эрх, эрх чөлөөг зөрчихгүй байх хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, зөвхөн хуульд заасан үндэслэл эсхүл мэдээллийн эзний зөвшөөрлийн дагуу боловсруулах, ашиглах зэрэг зарчмуудыг хангахгүй байна.
- Хувийн мэдээллийн хязгаарыг давсан. Хэрэглэгчийн ажилладаг салбар, байгууллага, сарын орлого, орлогын эх үүсвэр, селфи зураг, иргэний үнэмлэх зэрэг гэрээний дагуу хөгжүүлсэн үндсэн зорилгоосоо хэт өргөн хүрээтэй биометрик мэдээлэл цуглуулж байна.
- Гуравдагч этгээдэд дамжуулна. Хувь хүн мэдээллээ өгөхийг зөвшөөрснөөр Хотула болон хамааралт түншүүдэд өгсөнд тоооцогдоно гэж заасан нь гуравдагч этгээдэд дахин зөвшөөрөлгүй дамжуулах боломжийг олгож байна.
- Мэдээллийн аюулгүй байдлыг хангаагүй. “Дижитал инфосек" ХХК мэдээллийн аюулгүй байдлыг хангасан гэж тайлбарлаж байгаа ч аюулгүй байдлыг хангахад чиглэсэн техник, аюулгүй байдлын хамгаалалт, үнэлгээ, хяналтын тогтолцоо зэрэг нотлох баримт ирүүлээгүй байна.
- Байршлын мэдээлэл бүртгэж байна. Хэрэглэгчдийн тогтмол маршрут, хөдөлгөөн, гэрийн болон ажлын газар, амьдралын хэмнэл, нийгмийн харилцаа, дадал зуршлыг тооцож болох зан үйлийн шинжтэй мэдээллийг цуглуулж байгаа нь хууль зөрчиж байна гэж дүгнэжээ.
- Ногоон онооны эрсдэлийг тооцоолоогүй. Ногоон оноо олгох нь “Дижитал инфосек" ХХК-иас маркетингийн үйл ажиллагааны хүрээнд компанийн зүгээс олгож байгаа урамшуулал гэж тайлбарласан ч цаашид нийгмийн онооны систем болгон өргөжүүлэх, иргэдийг зан үйлээр нь ялгаварлан гадуурхах, тэгш бус байдлыг бий болгох эрсдэлээс хэрхэн хамгаалах нь тодорхойгүй байна.
Шалгалтын үеэр Нийслэлийн Засаг даргын тамгын газраас ХЭҮК-т бүрэн дүүрэн хариу ирүүлээгүй. Мөн сонсох ажиллагаа явуулах гэсэн боловч хүрэлцэн ирээгүй байна. Иймээс хүний эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, эрсдэлээс бүрэн урьдчилан сэргийлсэн болохыг ХЭҮК-т нотлох хүртэл Хотула апликэйшнийг хаах 30 хоногийн хугацаатай шаардлагыг Хотын даргад хүргүүлжээ.