
“Дагаар орсон” гишүүд
⚖️Ёс зүйн асуудлаар УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах нь ардчилсан парламентын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, засаглалын тогтворгүй байдалд хүргэнэ гэдгийг долоо хоногийн турш ярьж хэлэлцсэн ч эцэст нь УИХ-ын гишүүдийн олонх нь Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг хэлэлцэхийг дэмжлээ. ❗Үзэл бодол, зарчим, байр суурь гэхээс илүү УИХ-ын гишүүдийн ашиг сонирхол, хэн нэгэнд ая тал засаж, аялдан дагалдсан туйлбаргүй байдал нь ийм үр дүнд хүргэв.
УИХ-ын даргын зүтгэл
Ардчилсан парламентыг цээжээрээ хамгаалах ёстой шинэхэн УИХ-ын дарга С.Бямбацогт чуулганы индэр дээрээс Ерөнхийлөгчийн хуулийг дэмжих ёстой гэсэн байр суурь илэрхийлж, өөрөө ч дэмжсэн санал өгөв. Анх УИХ-ын нэгдсэн чуулганаар уг асуудлыг хэлэлцэх үед УИХ-ын гишүүд эрс шүүмжилж, хуулийн төслийг хэлэлцэхгүй байж мэдэх уур амьсгал нэгэнт бүрдсэн. Энэ үед УИХ-ын дарга санан хураалтыг маргааш нь буюу тав дахь өдрийн өглөө хийнэ гэж зарлав. ⏳Харин тав дахь өдөр нь АН-ын бүлэг ажлын нэг өдрийн завсарлага авснаар асуудал долоо хоногоор сунжирсан. Энэ нь Ерөнхийлөгчид хуулийн төслөө босгох боломжийг олгов.
Засгийн газрын гишүүд Ерөнхийлөгчийн талд
Санал хураалтад 101 гишүүн оролцсоноос 57 хүн дэмжсэн. ХҮН намын Б.Найдалаа, Үндэсний эвслийн тэргүүн, Шадар сайд Н.Номтойбаяраас бусад хуралдаанд оролцсон Засгийн газрын гишүүд бүгд Ерөнхийлөгчийн хуулийг дэмжсэн байна. ⚠️Энэ нь шинэ Засгийн газар бүрдэхэд эрх баригч намд Ерөнхийлөгчийн нөлөө хэр байсныг илтгэнэ. Харин Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням нар нэгдсэн хуралдааныг шалтгаангүй тасалсан байна. Мөн ХҮН намын дарга, Шадар сайд Т.Доржханд томилолтоор явсан байв.✈️
АН-ын хоёр одтой шийдвэр
Ардчилсан намын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг дэмжихгүй гэх шийдвэр гаргасан. Ингэхдээ гишүүд өөрийн итгэл үнэмшлээр оролцож болох эрх нь нээлттэй гэх хэлбэр буюу хоёр одтой шийдвэр гаргалаа гэж мэдээлсэн. Гэтэл яг үнэндээ АН-ын олонх нь хуулийг төслийг дэмжсэн нь анхаарал татаж байна. Хуралдаанд оролцсон 33 гишүүнийх нь 19 нь дэмжиж, 14 нь татгалзжээ. Үүнээс харахад бүлгийн шийдвэр нь АН доторх олонхын шийдвэр биш, харин бүлгийн дарга О.Цогтгэрэл тэргүүтэй цөөнхийн хүсэл байсан бололтой. ⭐Хоёр одоор халхавчилсан, хоёр талд тал алдахгүй шийдвэр гэдэг нь энэ аж. Дайран дээр нь давс гэгчээр Иргэний Зориг Ногоон намын хагарал мөн адил шийдвэрт нөлөөлөв. ИЗНН-ын дарга Б.Батбаатар, УИХ-ын гишүүн М.Нарантуяа нар хуулийн төслийг дэмжихээс татгалзсан бол нөгөө талд өөрийгөө намын даргаар өргөмжлөөд амжсан УИХ-ын гишүүн Р.Батболд, С.Замира нар дэмжив. Ойрхон гарсан санал хураалтын дүнд хоёр хүний санал үнэ цэнтэй байх нь гарцаагүй.