Дэгийн хуулиар мэдэх эрхийг баталгаажуулах нь
2026-04-22

Д.Энхтүвшин гишүүн УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулж, хурлаас гарсан шийдвэрийг олон нийтэд ил тод мэдээлдэг болгохоор төсөл өргөн барьсан. Одоогийн хуулиар ерөнхий хуульчилсан учраас хэлэлцүүлгээс гарсан шийдвэр, санал хураалтын үр дүнг иргэдэд мэдээлэх бус нэвтрүүлэх, албан хэрэг хөтлөх, тэмдэглэлийг хадгалах шинжтэй байна. Тодруулбал, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 134 дугаар зүйлийн 134.1-д “Чуулганы хуралдааныг телевизийн тусгай сувгаар шууд нэвтрүүлэх, түүнчлэн телевиз, радиод тусгай цаг гаргаж олон нийтэд сурталчлах, мэдээлэх ажлыг Тамгын газар зохион байгуулна” гэж заасан ганцхан зохицуулалтаар мэдээлэх ажлыг зохицуулж байна. Энэ зүйлийн хэрэгжилт нь чуулганы хуралдааныг телевизийн суваг, парламентын албан ёсны цахим хуудсаар шууд дамжуулах хэлбэрээр хэрэгждэг. Харин чуулганы хуралдаанаас гарсан шийдвэр, санал хураалтын үр дүнг албан ёсны баталгаатай эх сурвалжаар товч хэлбэрээр иргэдэд хүргэх шинжтэй зохицуулалт байхгүй байна.

Харин чуулганы хуралдааны тэмдэглэл хөтлөх, түүнийг хадгалах журмын дагуу явахад ажлын 13 өдрийн дараа буюу санал хурааснаас хойш 3 дахь долоо хоногийн сүүлээр УИХ-ын албан ёсны цахим хуудаст байршихаар байна. Дээрх журмын дагуу чуулганы хуралдааны тэмдэглэлийг боловсруулж албан ёсны цахим хуудаст байрших хүртэл чуулганы хуралдааны санал хураалтын үр дүнтэй иргэд төдийгүй УИХ-ын гишүүд ч танилцах боломжгүй байна.

Иймд чуулганы хуралдааны үр дүнг товч мэдээлэл хэлбэрээр тухайн өдрөө Улсын Их Хурлын албан ёсны цахим хуудсанд нээлттэй байршуулж, удаан хугацаатай шууд дамжуулалтаар бус товч бөгөөд тодорхой мэдээллээр хангах зорилгоор дэгийн тухай хуульд дараах нэмэлт өөрчлөлт оруулахаар тусгаад байна.

  • 134.2.Чуулганы нэгдсэн хуралдаан болон байнгын хорооны хуралдаанаар хууль, тогтоолын төслийн хэлэлцэх эсэх болон эцсийн хэлэлцүүлгийг явуулсан бол хуралдааны товч мэдээллийг Улсын Их Хурлын албан ёсны цахим хуудсанд тухайн өдөр байршуулна.”
  • 134.3.Энэ зүйлийн 134.2-д заасан хуралдааны товч мэдээлэлд дараах зүйлийг тусгана.
  • 134.3.1.хуралдаанаар хэлэлцсэн асуудал;
  • 134.3.2.хуралдааны ирцийн мэдээ /тоо, хувиар/;
  • 134.3.3.хуралдаан эхэлсэн, завсарласан, хойшилсон, дууссан он, сар, өдөр, цаг, минут;
  • 134.3.4.санал хураасан томьёолол, санал хураалтын дүн /тоо, хувиар/, санал өгсөн гишүүн бүрийн дэмжсэн, дэмжээгүй саналын тоо;
  • 134.3.5.техник, хэрэгслээс шалтгаалсан болон бусад хүндэтгэн үзэх шалтгааны улмаас алдаатай санал өгсөн гишүүний тухайн асуудлыг дэмжсэн, дэмжээгүйгээр хуралдааны тэмдэглэлд тусгуулахаар гаргасан санал;
  • 134.4.Тухайн өдөр чуулганы нэгдсэн болон байнгын хорооны хуралдаанаар хэд хэдэн асуудлын хэлэлцэх эсэх болон эцсийн хэлэлцүүлгийг явуулсан бол хэлэлцсэн асуудал тус бүрээр товч мэдээллийг бэлтгэн мэдээлнэ.
  • 134.5.Нууц санал хураалт явуулсан хуралдааны товч мэдээлэлд энэ зүйлийн 134.3.4-д заасан мэдээллээс зөвхөн санал хураалтын дүнг тусгана.
  • 134.6.Хаалттай хуралдаанаар хэлэлцэх аливаа асуудалд энэ зүйлд заасан мэдээлэх журам хамаарахгүй.
  • 134.7.Хуралдааны товч мэдээлэлд агуулсан тоо, мэдээлэл энэ хуулийн 135.1-д заасан хуралдааны дэлгэрэнгүй болон товч тэмдэглэлтэй зөрсөн тохиолдолд хуралдааны тэмдэглэлийг баримтална.

Төсөл батлагдсанаар УИХ-ын нээлттэй, ил тод байдал сайжрах, сонгогчид ил санал хураалтаар шийдвэрлэсэн асуудлын үр дүнг богино хугацаанд авах, өөрийн сонгосон гишүүний байр суурь, өгсөн саналыг мэдэх эрхийг баталгаажуулж ард түмний засаглах эрхийг хангахад чухал нөлөө үзүүлэхээс гадна иргэдийн төрд итгэх итгэлд эергээр нөлөөлнө гэж хууль санаачлагч үзэж байна.

Сэтгэгдэл