
УИХ-ын чуулганы өнөөдөр (2026.04.23)-ийн үдээс хойшх хуралдаанаар Эрхтэн, эд эс шилжүүлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийн анхны хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүдээс гаргасан 72 зарчмын зөрүүтэй саналаар санал хурааж, эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ.
Нэг амьгүй донор найман хүнд амьдрал бэлэглэдэг гэдгийг ажлын хэсгийнхэн онцлоод өнөөдрийн байдлаар 1044 иргэн эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах хүлээлтэд байгаа гэлээ. Хуулийн төсөл батлагдсанаар, иргэд эх орондоо дэлхийн жишигт нийцсэн чанартай эмчилгээ үйлчилгээг хүртээмжтэй хүртэх, гадагшаа урсах мөнгөний урсгал буурах, амьгүй донороос эд, эрхтэн шилжүүлэн суулгах талаар баримтлах бодлого, зохицуулалт сайжрах, нэгдсэн тогтолцоо бий болох зэрэг ач холбогдолтой аж.
УИХ-ын чуулганаар үргэлжлүүлэн Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.
Манай улсад үйл ажиллагаа явуулж буй 56,8 мянган аж ахуйн нэгжийн 39,3 мянга нь 2021 оны байдлаар зөвхөн нийслэл Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа судалгаа бий. Олон улсын жишиг тогтсон, зохион байгуулалт, бүтэц бүхий танхимын үйл ажиллагаа улсын хэмжээнд хэрэгжиж, эдийн засгийн өсөлтөд хувь нэмрээ оруулдаг онцлогтойг харгалзан эдийн засгийн үйл ажиллагааны салбар бүрд нэг танхим, мөн аймаг, нийслэлийн танхим байгуулахаар төсөлд тусгасан гэдгийг хууль санаачлагчид хэлж байлаа. Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэх үеэр УИХ дахь АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авав.
Хуралдааны төгсгөлд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо болон Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргыг сонгох санал хураалт явуулсан. Төрийн байгуулалтын байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Б.Жавхланг 61,7 хувийн, Хүний хөгжлийн, нийгмийн бодлогын байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн П.Ганзоригийг 64,9 хувийн саналаар хуралдаанд оролцсон гишүүд дэмжиж УИХ-ын тогтоол батлагдлаа.