
УИХ-ын нэгдсэн чуулганаар БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн С.Цэнгүүн, Эдийн засгийн байнгын хорооны холбогдох санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал нар тус тус танилцуулав.
Хуулийн төсөл батлагдсанаар төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалын хараат бус, бие даасан байдал, хариуцлагын тогтолцоо сайжрахын зэрэгцээ эрх мэдлийн төвлөрөл, захиргааны хэт оролцоо буурах давуу талтай болохыг С.Цэнгүүн гишүүн танилцуулав. Түүнчлэн төрийн өмчит компанийн засаглалд ил тод байдал, хариуцлагыг дэмжсэн шинэ соёл төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтойг дурдсан юм.
Эдийн засгийн байнгын хороо дээрх төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг мягмар гарагийн (2026.04.21) хуралдаанаараа явуулсан байна. БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжжээ. Харин хамт өргөн мэдүүлсэн Онц байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжээгүй гэж Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтэд дурдсаныг Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал танилцууллаа.
БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэх асуудлаарх санал хураалтыг үдээс хойш явуулав. БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхийг дэмжсэн бол хамт өргөн мэдүүлсэн хуулийг төслийн үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэнгүй.
Эх сурвалж: Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.