Гадаад зээллэгийн ашиглалтын асуудлаар МАН-ын бүлэг дөрвөн өдрийн завсарлага авлаа
2026-04-24

УИХ-ын нэгдсэн чуулганаар Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлсэн. УИХ дахь АН-ын бүлэг 2026 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар дээрх төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулах үед нэг өдрийн завсарлага авсан бөгөөд завсарлагын хугацаа дууссан тул өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар эцсийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв. Төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асуух гишүүд пүрэв гарагийн 16.00 цагаас өмнө хуралдаан даргалагчид урьдчилан мэдэгдсэн дарааллаараа асуулт асууж, хариулт авав. Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин, Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан нар төсөл дэх Сэлбэ дэд төвд түшиглэсэн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл, Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн талаар асуулт асууж, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд, Эдийн засаг, хөгжлийн сайд болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт, тайлбар, мэдээлэл авав.

Томоохон төсөл, хөтөлбөрүүдийн санхүүжилтийг шийдвэрлэх Хөгжлийн банк үйл ажиллагаа явуулж буйг Дав.Цогтбаатар гишүүн сануулж, холбогдох саналаа хэлээд мөн Сэлбэ дэд төвд түшиглэсэн гэр хорооллыг орон сууцжуулах төслийн талаар тодруулга хийж, хариулт авав. Томоохон төсөл, хөтөлбөрүүдээ Хөгжлийн банкнаас санхүүжүүлж, тус банкны үйл ажиллагааг тогтворжуулах, шаардлагатай бол Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийг өөрчилж, цаг үед нийцүүлэх шаардлагын талаар санал хэлсэн. Ж.Ганбаатар гишүүн хуулийн төсөлд дурдагдсан төслүүдийг хэрэгжүүлэхээр авах зээлийн эргэн төлөлтийн талаар тодруулж, хариулт авсан юм. Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Д.Рэгдэл, Р.Батболд, Б.Жаргалан, Г.Тэмүүлэн нар асуулт асууж, Сангийн сайд болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт авсан юм.

Энэ үеэр Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал дөрвөн өдрийн завсарлага хүсэв. Тэрбээр “Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиараа улс орны эдийн засаг, төсвийн үндсэн үзүүлэлтүүдийг уялдуулж, тогтворжуулдаг, хязгаарлалтуудыг тусган, үүнийгээ баримталдаг. Нөгөө талдаа улс орны хөгжлийг хангах зайлшгүй шаардлага үүсээд байгааг анхаарах нь зүйтэй. Чухал ач холбогдолтой, томоохон бүтээн байгуулалтын ажлууд өрнөж байна. Улсын төсвийн зарлагын 20 хувьтай тэнцэх хэмжээний Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөвт өртөг, бүтээн байгуулалтын ажлын өртгийг Төсвийн тогтвортой байдлын тухай хууль дахь тусгай шаардлагад нийцүүлэхээр ажил 20-30 жилээр үргэлжлэх гээд байгаа юм. Үүнийг өөрсдөө түгжчихээд байх юм уу, эсвэл холбогдох хуулиудаа өөрчлөөд, гаднын зээл, тусламжийн хөрөнгөөр санхүүжиж байгаа, үйл ажиллагаагаараа анхны хөрөнгө оруулалтаа нөхөх аж ахуй, бизнесийн чиглэлийн том бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөрүүдээ хэрэгжүүлээд явах юм уу гэдэг асуудал. Иймд  улс орны аюулгүй байдалтай ч холбоотой, том бүтээн байгуулалттай ч холбоотой, цаг хугацаа алдалгүй шийдвэрлэх ёстой асуудал учир завсарлага авах нь зүйтэй гэж үзэж байна” хэмээсэн. Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт хүсэлтийг хүлээн авч “Гишүүд олон талын байр суурь илэрхийлж байна. Томоохон төслүүдээ хурдан хугацаанд хэрэгжүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулан үр өгөөжийг нь хүртэх шаардлага бий. Эрчим хүчний тусгаар тогтнолоо хангахад Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц чухал ач холбогдолтой. Мөн Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулж, монголчууд өндөр үнэтэй импортын бүтээгдэхүүний хараат байдлаас ангижирч, дотооддоо үйлдвэрлэсэн хямд үнэтэй газрын тосны бүтээгдэхүүн, бензин шатахуунтай болох асуудал чухал байгаа. Тийм болохоор олон талаас нь хэлэлцэх нь зүйтэй” гээд дөрвөн өдрийн завсарлага өгөхөөр шийдвэрлэлээ.

Сэтгэгдэл