
UIH.mn талбарын шинэ булан болох АРХИВ СӨХВӨЛ энэ удаад Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 32 жилийн өмнөх ярилцлагыг танилцуулж байна.
Уг ярилцлага нь Үнэн сонины 1994.06.07 №39 дугаарт нийтлэгдсэн.
Уламжлалгүй шинэчлэл ирээдүйгүй
УИХ дахь МАХН-ын бүлгийн улс төрийн ажилтан У.ХҮРЭЛСҮХ:
1989 онд ЦНДС-ийн улс төрийн ангийг төгссөн. 26 настай. Улс төр судлаач мэргэжилтэй. Одоо МУИС-ийн хуулийн ангид суралцахын зэрэгцээ ажиллаж байна.
МАХН ардын хувьсгалын ялалтыг бататгаж улс орныхоо тусгаар тогтнолыг хамгаалж чадсан, монгол орноо дэлхийн дэвшил хөгжилд зохих өндөрлөгт хүргэсэн гавьяатай нам. Энэ намын гишүүнд элсэж, удирдах аппаратад нь ажиллаж байгаадаа бахархаж явдаг. Намын залуу ажилтан надад ахмад туршлагатай нөхөд тухайлбал Чагнаадорж, Дашням зэрэг хүн ахын ёсоор, багшийн сэтгэлээр тусалж дэмжиж байдагт нь би их баярладаг. Ахмад үеийн туршлага сургамжаас суралцахгүйгээр урагшаа алхахад хэцүү. Ер нь уламжлалгүй шинэчлэл гэж байхгүй нь мэдээж. Хэрвээ байдаг гэвэл ирээдүй үе өнөө үеийг үгүйсгэх нь гарцаагүй. Энэ бол дэвшил биш ухралт, эмгэнэлт явдал мөн. Зарим хүн МАХН-ыг хөгшин нам гэж ярьдаг нь худлаа. Нам өдрөөс өдөрт залуужиж, эрүүл саруул болж байна. Баримт нь гэвэл манай намд 1990, 1992 оны үед хоёр удаа өөрөө цэвэрших үйл явц явагдлаа. Намд наалдагчид хоёр нүүртнүүд өөрсдөө намаас гарч одов. Жинхэнэ намаа гэсэн сэтгэл зүрхтэй гишүүд нь үлдэж нам эрүүлжив. Манай намыг олон мянган залуус дэмжиж, захидал, цахилгаан ирүүлж, биеэр ирж уулзаж, намд элсэж, намын ажилд оролцож тусалж байна. Дүүргүүд дэх намын улс төрийн клубийг түшиглэсэн улс төр, соёл урлагийн олон хэлбэрийн ажилд залуучууд тун идэвхтэй оролцож байгаа. Иймээс манай нам залуужиж байна. Залуучуудаас санаачилсан ажлыг МАХН бүх талаар дэмжиж туслахад бэлэн байна.
МАХН-ын дэргэдэх уран бүтээлийн “Тусгал” хамтлаг дуу хөгжмийн “Айзам-2” хамтлагт олон арван залуус нэгдэн бүтээл туурвилаа хийхийн зэрэгцээ залуучуудын санаачилсан ажлыг идэвхжүүлэн дэмжиж байна.
XXI зуун залуучуудынх. Тэр үед монгол орон ямар байх нь өнөөгийн залуусаас шууд хамаарна. Тиймээс өнөөгийн залуучууд эрдэм номд шамдаж, амьдрах ухаанд суралцаж, хөрөнгө мөнгөтэй болох их ажил хийх хэрэгтэй байна. Ахмадуудын бүтээснийг үгүйсгэх биш залгамжлан хөгжүүлэх, амин хувиа бодсон биш нийт ард түмэн, эх орныхоо эрх ашгийг дээдэлдэг байх гэдэг олон чухал шаардлага зорилт тулгарч байна.

Сөрөг нам, хүчний доторх эрүүл саруул ухаантай, эрдэм чадалтай залуустай бид харилцан ойлголцож, хамтран ажиллахыг эрхэмлэдэг. Ямар ч үзэл бодолтой байлаа гэсэн монгол эх орны ирээдүй гэсэн ганцхан нэгдэх цэгт бид уулзах нь гарцаагүй. Тэр цэг бол эрхэм нандин зүйл. Түүний төлөө бид хамтран ажиллах ёстой. Өөр зам, өөр гарц байхгүй.
“Эвлэрлээс сүү, эвдрэлээс цус” гэсэн мэргэн үг бий. Монголын үр сад хэн ч байлаа гэсэн ариун цагаан сүүг л хүсэх нь мэдээж бизээ. Иймээс үе тэнгийн залуус бусад нам хөдөлгөөний залууст хандаж хамтран ажиллая, ухаалгаар ойлголцон мөр зэрэгцэн эх орныхоо төлөө зүтгэе! гэж уриалж байна.
Үнэн сонин
1994.06.07