
Ерөнхий сайд Н.Учрал Туулын хурдны замын төслийг зогсоосон. ⚖️Хууль хяналтын байгууллага шалгаж дуустал зогсооно гэсэн түүний мэдэгдэл гэнэтийн байв. Өмнө нь энэ тухай огт байр суурь илэрхийлээгүй байсан Ерөнхий сайд гэнэт ийм шийдвэр гаргасан нь удаан хугацаанд энэ төслийг эсэргүүцэж, жагсаал цуглаан зохион байгуулсан Хатан туулаа аваръя хөдөлгөөнийхөнд ялалтын мэдээ байв. Харин Хотын дарга Х.Нямбаатарт бол эсрэгээрээ. Түүний хувьд Ерөнхий сайд төслийг зогсоосон албан ёсны тогтоолоо гаргах ёстой. Туулын хурдны замыг зогсоосон хүмүүсээс алданги, хохирол нэхэмжлэх үе шат ирэх байх гэж хариу мэдэгдэл хийв. ❗Ер нь бол зүгээр өнгөрөөхгүй гэдгээ илэрхийлсэн гэхэд болно.
Ямартай ч Улаанбаатар хотын иргэдийн ундны усны эх үүсвэр болсон Туул голын хурдны замын төсөл зогслоо. Гэхдээ энэ замын төсөлтэй холбоотой улс төржилт дөнгөж эхэлж байна. Эрх баригч МАН-ын дотоод хагарал, тэмцэл нь одоо энэ төсөл дээр өрнөх нь тодорхой боллоо. Урьд өмнө нь байгаагүй их эрх дархтай хотын дарга Х.Нямбаатар, шинэхэн Ерөнхий сайд Н.Учрал нарын тэмцэлд Туулын хурдны замын төсөл тулааны тайзын үүрэг гүйцэтгэнэ. Ер нь энэ төслийн хувь заяа хаашаа эргэхээс МАН-ын дотоод хагарал яаж дуусахыг харж болох биз ээ.
Энэ мэтээр Туулын хурдны замын санхүүжилт, тендерт шалгарсан компаниуд, тэдний ашиг сонирхлын зөрчил, нийслэлийн удирдлагуудын асуудал гээд энэ хаврын улс төржилт, ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгууль, дараа нь болох УИХ-ын сонгууль гээд үеийн үед яригдах, сөхөгдөх бие биенээ буруутгах, шүүмжлэх бас нэгэн дуусдаггүй сэдэвтэй болох нь ээ.
Өнгөрсөн долоо хоногийн улс төр, нийгмийн үйл явдлын тойм Newsletter эндээс уншина уу.