
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хурлаар Улсын нисэхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явуулав. Засгийн газраас энэ сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут сайд танилцуулав. Улсын нисэхийн тухай хуулийг 2003 онд баталж, улсын агаарын хөлгөөр нислэг үйлдэх, улсын нисэхийн аюулгүй ажиллагаа болон аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулж ирсэн бөгөөд цаг үеийн шаардлагаар зургаан удаа нэмэлт, өөрчлөлт орж байжээ. Хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд зарчмын шинжтэй хэд хэдэн өөрчлөлт оруулсан гэв.
Тухайлбал, улсын нисэхийн асуудлыг удирдан чиглүүлэх Улсын Их Хурал, Засгийн газрын бүрэн эрх болон батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, цэргийн мэргэжлийн дээд удирдлагын байгууллага, улсын агаарын хөлгийг эзэмшигч байгууллагуудын чиг үүргүүдийг нарийвчлан тодорхойлсон байна. Мөн хуулийн үйлчлэлд хамаарах зэвсэгт хүчин, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар зэрэг байгууллага шинээр агаарын хөлөгтэй болж байгаатай холбогдуулан тэдгээрийг нэгдсэн бодлого, удирдлагаар хангахтай холбогдсон харилцааны асуудлыг зохицуулах асуудлыг төсөлд тусгасан байна.
Хуулийн төсөл нь 9 бүлэг, 25 зүйл, 68 хэсэг, 91 заалттай бөгөөд батлагдсанаар улсын төсөвт нэмэлт зардал шаардагдахгүй юм байна. Улмаар улсын нисэхийн үйл ажиллагаанд оролцогч иргэн, аж ахуйн нэгж, төрийн чиг үүргийг хэрэгжүүлэх байгууллагын хүлээх үүрэг хариуцлага, хяналт, зохицуулалт тодорхой болох юм байна. Мөн нислэгийн үйл ажиллагаа эрхлэх эрх зүйн орчин сайжирч, түүнийг дагалдаж хуулийг хэрэгжүүлэх бусад эрх зүйн баримт бичиг боловсронгуй болох ач холбогдолтой гэв.
Төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ч.Анар, П.Наранбаяр, С.Эрдэнэболд нар асуулт асууж, Батлан хамгаалахын сайдаас хариулт авав. Төсөлд дроны талаар “… алсаас удирдлагатай, эсхүл автомат удирдлагатай нисгэгчгүй нисэх хэрэгсэл …” хэмээн томьёолсон байгааг Ч.Анар гишүүн онцолж, орчин цагт дроныг олон ангилаад, зарим дрон галт зэвсэг, сумны төрөлд ордог болсныг тайлбарлав. Төсөл дэх эл зохицуулалтаас үүдэн бүх төрлийн дроныг тээврийн нисэх хэрэгсэл гээд ангилах үр дагаврын талаар тодруулав. Дронтой холбоотой зохицуулалтуудыг хуулийн төсөл батлагдсаны дараа холбогдох журмаар нарийвчлан зохицуулна хэмээн сайд хариулаад, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас дроны хэрэглээтэй холбоотой хуулийн төслийг боловсруулж байгаа гэх мэдээллийг өгсөн. П.Наранбаяр гишүүн төсөл дэх нэр томьёоны талаар тодруулж, санал хэлсэн бол С.Эрдэнэболд гишүүн төсөл нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалтай нийцэж буй эсэхийг, мөн уг үзэл баримтлал шинэчлэгдэхээр төлөвлөж байгааг дуулгаад тодруулсан. Тодорхой хэмжээний хэлэлцүүлэг, судалгаа, шинжилгээний ажлуудыг гүйцэтгэж, холбогдох баримт бичгүүдэд нийцүүлэхээр ажилласны үндсэн дээр хуулийн төслийг боловсруулан өргөн мэдүүлснээ Д.Батлут сайд хэлэв.
Хууль санаачлагчийн илтгэл, хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлага, хуулийн төслийн үр нөлөө, зардлын тооцоо болон хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан дэмжсэн, дэмжээгүй байр сууриа илэрхийлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул санал хураалт явууллаа. Санал хураалтад оролцсон Улсын Их Хурлын 18 гишүүний 10 нь буюу 55.6 хувь нь Улсын нисэхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжив. Үргэлжлүүлэн хамт өргөн мэдүүлсэн хоёр хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжих эсэх асуудлаар санал хураалт явуулан шийдвэрлээд санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.