Үйлдвэрчний эвлэлийн шаардлагыг Ерөнхий сайд хүлээж авлаа
2026-05-01

МҮЭ-ийн холбооноос Олон улсын хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдрийг тохиолдуулан иргэд, хөдөлмөрчдийн дуу хоолойг төр засагт хүргэх зорилгоор шударга нийгэм, цалин хөлсний бодит нэмэгдэл, баялгийн тэгш хуваарилалтыг шаардсан “Нийгмийн шударга ёсны төлөө-Эв санааны нэгдэл”-ийн жагсаал, цуглааныг зохион байгууллаа. 

Уг жагсаалыг МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Э.Тамир нээж хэлсэн үгэндээ “Бид өнөөдрийн нийгмийн байдал шударга бус байна гэж үзэж, шударга ёсыг шаардахаар цугласан. Энэ шударга ёс наад зах нь цалин хөлсөө бодитоор үнэлүүлэхээс эхэлнэ. Гэтэл өнөөдөр монголын нийгэмд хөдөлмөрчид бүхий л насаараа хөдөлмөрлөөд үр хүүхэддээ орон сууц л үлдээхийн төлөө ажиллаж байна. Гэтэл орон сууцаа авдаг ипотекийн зээл нь хүртэл энгийн иргэдэд олдохгүйд хүрсэн ийм шударга бус нийгмийг өөрчлөхийн төлөө бид цугласан. Цалин хөлстэй холбоотой олон асуудал бидний өмнө тулгараад байна. Төр засагт хөдөлмөрийг шударгаар үнэлэх нэгдсэн бодлого байхгүй байна. Бодлого байхгүй учраас иргэд хөдөлмөрчид гудамжинд гарч жагсаж, тэмцэж байж үр дүнд хүрдэг. Гэтэл төр тэр тэмцэж байж байгуулсан хэлэлцээрийг гуйвуулсан тохиолдол гарсан нь бодит үнэн юм. МҮЭ-ийн холбоо хэмнэлтийг төр засаг өөрөөсөө эхлэх ёстой гэж үзэж байгаа бөгөөд 9 хувийн цомхотголыг эсэргүүцэж байна. Монгол орны баялаг иргэн хүний амьдралд үр өгөөжөө өгөх ёстой. Гэтэл хэсэгхэн хүн өрөмийг нь хамаж, нийт хүмүүс нь зардлыг нь гаргадаг гаж тогтолцоог бид өөрчлөхийн төлөө эвлэлдэн нэгдэх ёстой. Ард түмэн шинэ засгийн газраас шийдэмгий алхам, бодитой ажлыг хүлээж байна. Тиймээс шинэ засгийн газар иргэд хөдөлмөрчдийн төлөө нэг ч гэсэн нааштай шийдвэр гаргана гэж найдаж байна” хэмээн байр сууриа илэрхийлж, нийгмийн түншлэлийг хэрэгжүүлж ажиллахыг шаардлаа.  

May be an image of one or more people and text that says 'монг Ч УЙ ጋሃ'

Уг жагсаалд нийгмийн түншлэлийн талууд болох Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир, МАОЭНХ-ны дэд ерөнхийлөгч Ч.Нанжидсамбуу нар оролцож, Олон улсын хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдрийн баярын мэндийг хүргэж, үг хэлсэн юм. Мөн УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат болон МҮЭ-ийн холбооны гишүүн байгууллагууд болох аймаг, нийслэл, салбарын ҮЭ-ийн дарга, гишүүд эв санааны нэгдлээ илэрхийлэв.  Тус жагсаалд МҮЭ-ийн гишүүн байгууллагууд болох аймаг, нийслэл, салбарын 35 холбоодоос нийт 10.000 гаруй гишүүд оролцсон бөгөөд Орхон, Дархан-Уул, Төв аймаг, Эрдэнэт үйлдвэрийн ҮЭ-ийн төлөөлөл хүрэлцэн ирж оролцон эв санааны нэгдлээ илэрхийллээ.    

May be an image of one or more people, fire and text

Жагсаал, цуглаанд оролцогчдоос хөдөлмөрчдийн хууль ёсны эрх ашгийг төлөөлөн хамгаалах үндсэн зорилгын хүрээнд нийгмийн шударга ёсыг сэргээж, үүссэн нөхцөл байдлаас богино хугацаанд гарч, иргэд хөдөлмөрчдийн эрх, ашиг сонирхлыг хангахын төлөө бодлого, арга хэмжээг нэн даруй хэрэгжүүлэх шаардлагыг Засгийн газарт хүргүүлэхээр болов.

Жагсаалын төгсгөлд МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Э.Тамир Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакирт шаардлагыг гардуулж, жагсаалын төлөөлөл Монгол Улсын Засгийн газрын ордонд Ерөнхий сайд Н.Учралтай уулзалт хийсэн юм. Уулзалтын үр дүнд Ерөнхий сайд үйлдвэрчний эвлэлээс тавьсан шаардлагыг хүлээн авч, ирэх оны төсөвт шаардлагатай төсвийг тусгаж, асуудлыг шийдвэрлэнэ гэдгээ илэрхийллээ.

Сэтгэгдэл