АРХИВ 2006 он: "Т.Энхтайван: Эрчим хүчний үнэ тарифыг нэмэхээсээ өмнө гажуудлыг нь засах хэрэгтэй."
2026-05-04

UIH.mn талбарын АРХИВ булангаар өнөөдрөөс 20 жилийн өмнө Эрчим хүчний үнэ тариф нэмэх талаар "Зууны мэдээ" сонины 2006.06.29-ний өдрийн дугаарт нийтлэгдсэн тухайн үеийн эрчим хүчний дэд сайд Т.Энхтайваны ярилцлагыг хүргэж байна. 

 

ЗУУНЫ МЭДЭЭ СОНИН 

2006.06.29

Түлш эрчим хүчний дэд сайд Т.Энхтайвантай уулзаж ярилцлаа.

Үндэсний эв нэгдлийн ЗГ-ын дэд сайдын хувьд салбарынхаа сайдтай хэр гар нийлж ажиллаж байна даа? Өнөөдөр эрчим хүчний салбарын асуудлаар УИХ-д олон хуулийн төсөл барьсан. Хэр үр дүнд хүрэв? 

Үндэсний эв нэгдлийн ЗГ байгуулагдаад 6 сар болж байна. Энэ хугацаанд өмнөх ЗГ-ын мөрийн хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна. Миний ойлгож буйгаар бол энэ ЗГ эрчим хүчний салбарт ихээхэн анхаарлаа хандуулж байгаа.  Сүүлийн үед УИХ-аар манай салбартай холбоотой олон чухал асуудлуудыг шийдсэн. Үүнд эрчим хүчний салбарыг сайжруулах үүднээс олон тэрбум төгрөгийн өр авлагатай байсныг нэг мөсөн Цэглэх тогтоолыг баталсан. Дээрх тогтоол баталснаар энэ салбарт хуримтлагдаад байсан 28 тэрбум төгрөгийн өр авлагын сүлжээ тайлагдсан. Мөн шугам сүлжээ болон дулааны станцын хооронд үүссэн 17 тэрбум төгрөгийн өр авлагыг хүчингүйд тооцов. 1992 онд энэ салбарыг гажуудлаас гаргахын тулд олон сая ам долларын зээлийг гал унтраах зорилгоор авсан хэрнээ санхүүгийн байгууллагууд нь хүүгээ 3-аас 5 дахин нэмж хугацааг нь багасгасан. Нэг хувийн хүүг 5 болгож 40 жилийн хугацааг 15-аас 20 жил болгосон байх жишээтэй. Ийм байдлыг эцэслэн шийдвэрлэж Зээлийн гэрээг гадаадын зээлийн хүүгийн хувийг нэгээс илүүгүй нэмэх болон хугацааг нь уртасгаж чадсан. Ингэснээр эрчим хүчний үйлдвэрүүд жил тутам 6 сая ам долларыг хэмнэх тооцоо гарч байгаа. Зээлтэй холбоотой асуудал ингэж шийдвэрлэгдсэнээс гадна ОХУ-аас импортолж байгаа орц эрчим хүчний чадлын тарифаас гааль НӨАТ авах асуудлыг зохицуулах болсон. Мөн төсвийн байгууллагуудын эрчим хүчний 2004 2005 оны урсгал өр 930 сая орчим төгрөгийг эхний хагас жилд барагдуулахаар шийдвэрлэлээ. Баруун аймгууд эрчим хүчний төрийн сангуудаас өгсөн зээлийг 2006 оноос эхлэн 10 жилийн хугацаатайгаар уртасгасан нөхцөлөөр төлөх болсон. Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль хэлэлцээд нүүрсний технологитой холбоотой шингэрүүлсэн шатдаг хийн төлбөрийг ЗГ-аас дэмжиж УИХ-д өргөн барихаар болсон. Манай салбарынхны хувьд ерөнхийдөө улс төрждөггүй. Сайдын хувьд том компани удирдаж байсан болохоор аливаа асуудлыг түргэн бүтээлчээр шийдэж чаддагт олзуурхаж байгаа. 

Дэд сайдыг салбарын гүйцэтгэгч гэж ойлгож болох уу. Таны хувьд бусад сайдаас мэргэжлийн хүн гэдгээрээ ялгардаг. 

Манай салбарын хувьд нарийн заагласан ажил гэж байхгүй л дээ. Ер нь бол дэд сайд УИХ ЗГ-аар батлагдах болон батлуулах гэж байгаа бүх л төсөл Шийдвэрийн ажлын хэсгийг ихэвчлэн ахалдаг. Хамгийн гол нь эрчим хүчний өр авлагыг барагдуулах, санхүүгийн чадавхыг сайжруулах, гадаадын зээл тусламж Салбарын өвлийн ажил гээд чухал асуудлууд дээр голчлон ажилладаг. Мэргэжлийн гэдгийн хувьд би олон газраар явж ажилласангүй. Налайхын ДЦС-д засварчнаас нь эхлээд даргыг нь хүртэл хийж явсан. Налайхын Засаг дарга болон Түлш эрчим хүчний газрын даргаар ажиллаж байсан учраас бусад сайдтай адил орон нутагт ажиллаж ажилтай нь танилцах гээд цаг алддаггүй. Ерөнхийдөө энэ ажлыг шинэ гэж бодоогүй. Залуу наснаасаа эхэлсэн болохоор мэднэ чадна гэж ойлгож явдаг.

Сүүлийн үед олны анхаарлын төвд байгаа зүйл бол Эгийн голын УЦС-ын төслийг УИХ-д өргөн барих гэж байгаа асуудал. Та дэд сайдын хувьд энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ? 

Эгийн голын станцын тухай 1991 оноос хойш ярьж байгаа. Энэ нь эрсдэлийн ЗГ-ын мөрийн хөтөлбөрт орж 1991 онд 5,3 сая ам долларын зээл аваад бэлэн болчихсон төсөл юм. Харин үүнээс хойш буюу 1997 оноос улс төрийн болон өөр нөхцөл шалтгаанаас болж өдийг хүртэл хойшилсон. Улсад ихээхэн ашигтай. Учир нь одоогийн байдлаар манай улсад 24 цагаар ажилладаг томоохон УЦС байхгүй. Тиймээс энэ УЦС ороод ирсэн тохиолдолд эрчим хүчний өртөг багасах боломж байна. Бусдаас эрчим хүчээр хамааралгүй байя гэвэл үүн шиг том бүтээн байгуулалт байхгүй. Яагаад гэвэл Монголын эрчим хүчний системд хувьсах эх үүсвэр байх ёстой энэ асуудлыг ЗГ авч хэлэлцээд УИХ-д өргөн барьсантай холбогдуулан МАХН-ын бүлэг АН-ын зөвлөл асуудлыг дэмжиж байнгын хороон дээр хэлэлцэж байна. УИХ энэ асуудлыг улс төржүүлэхгүйгээр зээл болон хөрөнгийн асуудлыг шийдвэрлэнэ гэдэгт итгэж байгаа. 

Зарим УИХ-ын гишүүд Хятадын мэдлийн станцтай болчих вий гэсэн болгоомжлол байх шиг байна? 

Би үүнийг тэгж ойлгохгүй байгаа. Харин өнгөрсөн жил Ерөнхийлөгч Н.Энхбаярын Хятад улсад хийсэн төрийн айлчлалын үеэр ТЭХ-ний сайд Т.Очирхүү Хятадын хөгжил шинэчлэлийн хороотой Монголын нүүрсний орд газрыг түшиглэж 100 мянган Мвт-ын хүчин чадалтай ДЦС-ыг барих санамж бичигт гарын үсэг зурсан.  Энэ баримт бичгийг хэрэгжүүлэх судалгаа тооцооны ажлыг хийж байна. Хэрэв дээрх станц ашиглалтад орвол манайх эрчим хүчээ Хятадын талд экспортлох бүрэн боломж гарах юм. Үүнийг хамгийн гол нь ямар нөхцөлд хийх вэ гэдэгт гол нь байгаа. Улсдаа ашигтай байлгах үүднээс ашгаа зөв тэнцвэртэй хуваарилах шаардлага заавал гарна. Иймээс энэ асуудал дээр бодлогоо боловсруулах нь чухал. 

Эрчим хүчний үнийн асуудал дээр ямар байр баримталж байгаа вэ? Өдрөөс өдөрт юмны үнэ нэмэгдэж байна?

Эрчим хүч гэдэг өөрөө хүнийг тэжээгч чухал эрдэнэ байдаг. Сүүлийн үед талхны үнэ шатахууны үнэ эрс нэмэгдэж байхад иргэд дуугарахгүй л байна. Яагаад тэгж байна гэхээр иргэд маань үнийн хэлбэлзэлд дасаж. Хэдэн жилийн өмнө иргэд талхны үнэ жаахан нэмэгдэхэд бослого гарах дөхдөг байсан. Тэгвэл өнөөдөр эрчим хүчний салбар 300-аас 400 сая төгрөгийн ашигтай ажиллаж байгаа хэрнээ гажуудалтай тал цөөнгүй байна. Би нэг л зүйл дээр санал нийлэхгүй байгаа. Энэ нь орон сууцын иргэд 8 дугаар сарын турш 48 мянган төгрөгөөр халаалт авч байхад гэр хорооллынхон зөвхөн нэг машин нүүрсийг 150-аас 170 мянган төгрөгөөр худалдан авч байна. Энэ шударга бус хуваарилалтыг зогсоомоор санагддаг. 

Саяхан судалгаагаар эрчим хүчний үнэ бага утасны өртөг их гэсэн тооцоо гарсан гэсэн? 

Тийм ээ тоо баримт байгаа. Эрчим хүчийг мөнгөө нэмэхээр улс төржүүлдэг. Айлын халаалтын хөлс нэмэгдэхэд автобусны үнэ нэмэгдэхгүй. Бодит байдал дээр нэг айлд үүрэн телефон хэрэглэгч 3 хүн байхад тэд сардаа 100 мянган төгрөгөөр утсаар ярьдаг. Гэтэл цахилгааны үнэ нь 10 мянган төгрөг гарахад хүмүүс их гарлаа гэж хэл ам хийх жишээтэй. Энэ байдал нь эрчим хүчийг улам мөлхөө байдалд оруулаад байна. Эрчим хүчний үнэ нэмэгдэх юм бол бүх зүйл унана гэсэн ойлголтыг хүмүүсийн толгойноос авч хаях хэрэгтэй санагддаг. 

Зарим цахилгаан станцыг хаахад хүргээд байгаа гэж дуулдсан? 

Өвлийн бэлтгэлийн асуудал ерөнхийдөө яригдаад эхэлсэн. Ажил нь явж байгаа. Станцуудын хувьд Даланзадгадын ДЦС-ын асуудал хүнд байна. Өвөл засвар хийсэн боловч үр дүн нь бага. Багануурын станц мөн л хүнд байна. Тус станцыг хувьчилж авсан компани төлбөр тооцоогоо хийгээгүйн улмаас ажилчид нь таарч байгаа. Өнгөрсөн өвөл хөлдөлтийн байдалд орсон урсгал засвар ороогүй гэсэн олон шалтгааны улмаас улс буцааж авах шийдвэр гаргах асуудлыг ярьж байгаа. 

Таныг сүүлийн үед сонин хэвлэлээр шүүмжилсэн мэдээ нийтлэл гарсан? 

Төрийн ажил хийж байгаа болохоор янз бүрийн хэл ам гардаг бололтой. Намайг янз бүрээр бичлээ гээд надаас хорох юм байхгүй биз дээ. Би цаад бичүүлж байгаа эзнийг нь мэдэж байгаа учраас энд олон юм яриад яах вэ дээ. Намаас явуулсан олон нийтийн хэлэлцүүлгээр энэ онд боловсон хүчний нөөц бүрдүүлэх зорилгоор санал асуулга явуулсан байсан. Түүнд Налайх БНД-ээс нэгээр гарсан байна лээ. Сонинд гарсан материалын хувьд нөгөө намын төдийгүй манай намын зарим хүн нэр бүхий хаяггүй нийтлэл бичиж, гүтгэж нэр төрд маань халдаж байгаа. Энэ хүмүүс хууль журам байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй байх. 

Энэ жилийн наадмаар "Гоё халиун"-ы эзэн наадамчдаа яаж баярлуулах гэж байна даа? 

Бид чинь төрийнхөө сүлдэнд морио залсан хийморьтой улс шүү дээ. Миний хувьд хар багаасаа морьтой ноцолдсон болохоор мориноосоо холдож чаддаггүй. Миний хобби гэх үү дээ. Хүмүүс төрийн албан хаагчид морь уялаа энэ тэр гэж л байдаг. Энэ жил өөрөө морио уяж байгаа. "Гоё халиун"-ы маань үр төл гээд овоо хэд болсон. Наадмаар бүх насанд 2 морь уяж наадамчдаа цэнгүүлнэ гэж бодож байна. 

В.Сарантуяа

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

Улс төр, нийгмийн долоо хоногийн тойм эндээс уншина уу.

Сэтгэгдэл