Эрх чөлөөний хөөс
2026-05-04

Монголын сэтгүүлчид дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тэмдэглэв. Баяр дээр баяр гэгчээр Хил хязгааргүй сэтгүүлчид байгууллагаас жил бүр гаргадаг Хэвлэлийн эрх чөлөөний индексээр Монгол Улс 179 орноос 85 дугаар байрт жагсаж, өнгөрсөн жилээс 17 байр урагшилсан гэх сайхан мэдээ сонсов.

Бодит байдал дээр чухам юу өөрчлөгдсөн бэ? Харамсалтай нь юу ч өөрчлөгдөөгүйг бид бүгдээрээ мэдэрч байна. Ингээд ямар үзүүлэлт, шалгуур Монголын хэвлэлийн эрх чөлөөг 17 байр ахиулсныг нягталбал, бид сайжирсан гэхээсээ илүү байсан байрандаа л бат зогсжээ. Харин дэлхийн олон оронд нөхцөл байдал дордсон нь Монголчуудын байр урагшлахад нөлөө үзүүлсэн байна. Энэ жил дэлхийн дундаж оноо 25 жилийн түүхэндээ хамгийн доод түвшинд хүрч, 180 улсын 100-д нь хэвлэлийн эрх чөлөөний нөхцөл дорджээ. ⚠️Хүнд болон маш хүнд гэсэн ангилалтай орнууд анх удаа 50 хувиас давсан гэж тайланд онцолсон байна.

Харин Монгол Улсын хувьд хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг шинэчлэх асуудлыг Засгийн газар, ХЗДХЯ түвшинд хэлэлцэж эхэлсэн, сэтгүүлчдийн эсрэг шууд хүчирхийлэл, эрүүгийн дарамтын түвшин зарим оронтой харьцуулахад бага хэвээр байсан, ардчилсан тогтолцоо, олон ургалч хэвлэл мэдээллийн суурь орчин хадгалагдсан зэрэг нь эерэг нөлөө үзүүлжээ. Эрүүгийн хуулийн 13.14-ийг Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр хүчингүй болгосон нь чухам ганц амжилт байж мэднэ. Гэвч биесээ хуульгүй гүтгэн доромжлохын ид шидийг улс төрчид үзүүлж эхлэв.

Монголд дараах асуудал хэвээр байгааг онцолжээ.

  • Гүтгэлэг, нэр төртэй холбоотой хуулийг ашиглан сэтгүүлчдэд дарамт үзүүлэх
  • Эзэмшлийн төвлөрөл, улс төр бизнесийн нөлөө
  • Эдийн засгийн хараат байдал
  • Эх сурвалжаа хамгаалах эрх зүйн баталгаа сул
  • Өөрийгөө цензурдэх байдал нэмэгдсэн зэрэг асуудлууд урьдын адил хэвээр байсаар байна.

Ийм учраас бид байр урагшиллаа гэж хөөсрөхөөс илүү үүссэн асуудлаа шийдэхийн төлөө нэгдэж, нягтрах нь чухал байна. Улс төрийн хүрээний талцал маргааны сэдвээс хальж, шударга үнэний дуу хоолой болж чадахаа больсон Монголын хэвлэлүүдийн чөдөр тушааг бид өөрсдөө л тайлж чадна.

Улс төр, нийгмийн долоо хоногийн тойм эндээс уншина уу.

Сэтгэгдэл