
Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх Засгийн газрын мэдээллийг сонслоо. Үндэсний хөтөлбөрийн хүрээнд Засгийн газрын 2017 оны 148 дугаар тогтоолоор Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх тасгийг анх, зургаан алба хаагчтай байгуулсан. Өнгөрсөн онд тус нэгжийн чадавхыг холбогдох яам үнэлээд, бүтэц, орон тоог нэмэгдүүлэх дүгнэлт гаргажээ. Улмаар Цагдаагийн ерөнхий газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн А/66 дугаар тушаалаар Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн орон тоог нэмж баталсан талаар тус тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ц.Дашзэвэг танилцуулав. Тэрбээр, Монгол Улс руу чиглэсэн гадаадын иргэдийн аялал зуучлалын урсгал нэмэгдэж байгаатай холбоотой гадаадын иргэдээс далд хэлбэрээр Монгол улсад энэ төрлийн гэмт хэргийг зохион байгуулсан, санхүүжүүлсэн гэмт хэргүүд бүртгэгдсэн. Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 14 холбогдогчтой, 4 хохирогчтой, өмнөх оны найман хэргийг илрүүлж ажилласан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 /Хүн худалдаалах/ дүгээр зүйл ангиар сүүлийн зургаан жилийн хугацаанд 65 хэрэг илэрч бүртгэгдсэн. Нийт 92 хохирогч байгаагийн 54 нь насанд хүрээгүй иргэд, газар зүйн байршлын хувьд 39 нь гадаад улсад хохирсон талаар мэдээлэл өгөв.
Хүн худалдаалахтай тэмцэх чиглэлээр эхлүүлсэн шинэлэг ажлын нэг нь “Sumbee” программын хайлтын систем. Үүний тусламжтайгаар цахим орчинд 5 бүлгийн 32 этгээдэд холбогдох хэргийг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан гэв.
Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны А/49 дугаар тушаалаар “Хүүхдийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхэд хяналт тавих журам“-ын 2.1.4-т заасны дагуу сүүлийн 5 жилийн байдлаар 1382 байгууллагуудаас ирүүлсэн албан бичгийн хүрээнд нийт 8381 иргэнд хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгож, хяналт тавьж ажиллажээ. Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Төрийн депаpтамент хооронд 2020 онд байгуулсан “Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт гэрээ”-ний хүрээнд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны даргын 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/17 дугаар тушаалаар Салбар дундын хамтарсан багийг төрийн 12, төрийн бус 1 байгууллагыг төлөөлөлтэйгээр санаачилж, үйл ажиллагаа явуулж байгаа. Энэхүү багт Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс хоёр алба хаагч дөрвөн жилийн хугацаанд тогтвор суурьшилтай ажиллаж иржээ.
Хэлэлцэж байгаа мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Дав.Цогтбаатар, С.Одонтуяа, О.Алтангэрэл, Х.Булгантуяа, О.Батнайрамдал, С.Эрдэнэболд, Б.Баярбаатар нар тодруулж, байр суурь илэрхийлэв. Гишүүд дэлхий нийтийн анхаарал татаад байгаа гэмт хэрэгт манай улсын иргэд нэр холбогдож, улмаар үндэсний аюулгүй байдалд нөлөөлсөн эсэх, үүнийг шалгаж тогтоох асуудлыг хөндсөн. Хүн худалдаалах гэмт хэрэг нь цахим орчинд ихэвчлэн үйлдэгдэж, зүсээ хувирган олон төрөл хэлбэрээр хүмүүсийг хохироох болсон, үе тэнгийнхний болоод хөдөлмөрийн мөлжлөг нь бизнест хувирч, хар тамхитай тэмцэх, хүний наймааг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлээр Ажлын хэсэг байгуулна хэмээн Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан хариуллаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.