
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр (2026.05.11) Улсын Их Хуралд ажлаа тайлагнадаг байгууллагуудын нэг болох Хүний эрхийн Үндэсний Комиссын үйл ажиллагааны тайлан мэдээллийг сонсож, тулгамдаж буй асуудал, гарц, шийдлийн талаар санал солилцлоо.
Харин Хүний эрхийн Үндэсний Комиссын гаргасан тайлан илтгэлийн мөрөөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний биелэлт хангалтгүй түвшинд байгааг онцолж байв. Тодруулбал, “Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын удаа дараагийн тогтоолын хэрэгжилт 40-71,4 хувьтай байгаа гэлээ. Ийнхүү тогтоолын хэрэгжилт хангалтгүй байгаагийн шалтгааныг Хүний эрхийн Үндэсний Комисс дүгнэхдээ, тогтоол батлагдсаны дараа хэрэгжилтийг хангаж, тайлагнах хугацаа хэт богино, тогтоолд дурдсан асуудал шууд хэрэгжих боломжгүй, тодорхой цаг хугацаа,төсөв хөрөнгө шаарддаг, тогтоолын хэрэгжилтийг Засгийн газар болон Хууль зүйн байнгын хороонд танилцуулах үүрэг хүлээдэг боловч биелүүлдэггүй гэж үзжээ. Тиймээс тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Улсын Их Хурлаас Хууль зүйн байнгын хороонд даалгасан, хяналтын механизмыг сайжруулах шаардлагатай гэсэн саналыг Хүний эрхийн Үндэсний Комиссоос дэвшүүлж байлаа.
Цаашид Монгол Улс дахь хүний эрхийн нөхцөл байдал, сорилт шийдвэрлэх асуудлын тухайд Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд зохих нэмэлт өөрчлөлт оруулах, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, баталгаажуулах, Монгол хүний амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн нэн чухал хуулиудыг батлан гаргах, Хүний эрхийн Үндэсний Комиссын илтгэлийн мөрөөр гаргасан УИХ-ын тогтоолын хэрэгжилтийг бүрэн хангах, Монгол Улсын цахим хөгжлийн бодлого, хүний эрх, эрх чөлөөний хэрэгжилтийг үнэлж, шинэ тутам хүний эрхийн асуудалд анхаарлаа хандуулах шаардлага тулгарч байгаа гэв.
Түүнчлэн хуулийн дагуу Хүний эрхийн Үндэсний Комисс Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь илтгэлийг жил бүр Улсын Их Хуралд танилцуулах үүрэгтэй бөгөөд энэ сарын сүүлийн долоо хоногт танилцуулах товтой байгаа аж. Тиймээс Хууль зүйн байнгын хороогоор нэгдсэн тайланг сонсохоос гадна, хүүхдийн эрхийн тухай, хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилттэй холбоотой тайланг онцгойлон авч үзэж, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороогоор сонсох чиглэлийг Улсын Их Хурлын дарга өглөө. Ингэхдээ Хүний эрхийн Үндэсний Комисс цахим орчин дахь үе тэнгийн дээрэлхэлт, худал мэдээлэл түгээх зэрэг асуудалд онцгойлон анхаарал хандуулж, үр дүнг чухалчилж, шийдэл танилцуулж, ажиллах шаардлагатай хэмээв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.