Өчигдөр УИХ-ын Хууль зүйн байнгын хороо сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагуудын анхаарлыг татаж буй Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцээс Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл буюу “Худал мэдээлэл тараах” зүйл анги нь Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэсэн. Иймээс УИХ-аас Х.Тэмүүжин гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулж, тус ажлын хэсэг Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулаад байна. Хуулийн төсөлд “Худал мэдээлэл тараах” заалтыг хүчингүй болсонд тооцохоор тусгасан боловч хүний нэр төр, алдар хүндийг хамгаалах асуудлыг “Хүний хувийн, улс төрийн эрх, эрх чөлөөний эсрэг гэмт хэрэгт” хамааруулж 14.10 дугаар зүйл буюу “Гүтгэх” гэсэн зүйл ангиар нэмж тусгажээ. Тэгвэл энэ хууль үйлчилж эхэлснээр сэтгүүлч болон хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагаанд ямар нөлөө үзүүлж болохыг харъя.
Сул тал
- “Гүтгэх” заалтын дагуу худал, эсхүл хуурамч мэдээллийг мэдсээр байж, зориуд бэлтгэж, хүний нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээ, цахим хуудас, хурал, цуглаан болон эдгээртэй адилтгах олон нийтэд хүрэх боломжтой хэлбэрээр нийтлэх, байршуулах, түгээх, амаар илэрхийлэх зэргээр олон нийтэд тараах үйлдлийг үүнд хамааруулж, хохирол, хор уршиг учирсан бол гэмт хэрэгт тооцохоор тусгасан байна.
- Өөртөө, эсхүл бусдад эдийн болон эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор, хиймэл оюунд суурилсан технологи ашиглаж, захиалгаар, бүлэглэж үйлдсэн, түүнчлэн бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхолд ноцтой хор уршиг учруулсан тохиолдлыг хүндрүүлэх нөхцөлд хамааруулжээ.
Тодруулбал сэтгүүлч худал мэдээллийг мэдсээр байж тараасны улмаас хор хохирол учирсан тохиолдолд гүтгэх гэмт хэрэг үйлдсэнд тооцохоор заасан. Хор хохирол гэдэгт нэр хүнд сэвтэх, сэтгэл санааны хохирол зэрэг олон зүйлийг хамааруулж болно. Мөн өөртөө ашиг олох, хиймэл оюун ашиглах, захиалгаар нийтлэх зэргийн хүндрүүлэх нөхцөл болгож оруулсан нь сэтгүүлч болон хэвлэл мэдээллийн байгууллагад ирэх хууль эрх зүйн дарамтыг улам нэмэгдүүлэх эрсдэлтэй.
Давуу тал
- “Худал мэдээлэл тараах” гэмт хэргийг Эрүүгийн хуулиас хасна.
- Нийтийн ашиг сонирхолтой холбоотой асуудлаар үзэл бодлоо илэрхийлэх, нийтийн албан тушаалтныг шүүмжлэх, үйл баримтын шинжтэй мэдээлэлд үндэслэсэн үнэлэлт, дүгнэлт өгөх, тухайн үед “үнэн” гэж үзэх хангалттай бодит үндэслэлтэй мэдээлэл тараах, нийгмийн сүлжээ, цахим орчинд мэдээллийг өөрчлөхгүйгээр дахин түгээх, санал, сэтгэгдэл бичих зэрэг үйлдлийг гүтгэх гэмт хэрэгт тооцохгүй байхаар тусгажээ.
Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр ажлын хэсгийн ахлагч Х.Тэмүүжин хуулийн төслийн гурван гол агуулга дээр санал хураахаар бэлтгэх хугацаа олгож, түр хойшлуулах горимын санал гаргасан нь дэмжигдсэн тул хэлэлцүүлгийг хойшлуулаад байна.