Төсвийн байнгын хорооны хурлаар Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг дэмжлээ. Удахгүй УИХ-ын нэгдсэн чуулган энэ хуулийг яаралтай горимоор хэлэлцэнэ.
Өчигдөр Засгын газраас өнөөдөр өргөн мэдүүлсэн Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганаар яаралтай горимоор хэлэлцэхийг дэмжих, эсэх талаар санал хураалт явуулсан. Санал хураалтад Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 99 гишүүн санал өгснөөс 62 нь буюу 62.6 хувь нь дэмжсэн тул хуулийн төслийг Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн юм.
Гадаад зээлийн эх үүсвэрээр хэрэгжүүлэх тодорхой төслүүдийн санхүүжилтийн ашиглалтыг холбогдох гэрээ, хэлэлцээрээр тогтоосон хугацаанд ашиглаж, төслийг бүрэн ашиглалтад оруулахад зориулан эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх шаардлагатай байна гэж төсөл санаачлагчид үзжээ. Мөн Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу хуулийн төсөл боловсруулах хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судалсан судалгаанд гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх асуудлыг анхдагч хуулиар зохицуулах шаардлагатай гэж дүгнэсэн аж.
Ийнхүү дээр дурдсан хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тусгасан зорилтыг хэрэгжүүлэх үүднээс тандан судалгааны тайланд тусгагдсан хэрэгцээ, шаардлагад үндэслэн энэхүү анхдагч хуулийн төслийн үзэл баримтлалыг тодорхойлж, түүнд нийцүүлэн уг хуулийн төслийг 4 бүлэг, 5 зүйлтэйгээр боловсруулсан байна.
Хуулийн төсөлд дараах зохицуулалтыг тусгасан байна. Үүнд:
- Хуулийн үйлчлэлд зөвхөн гадаад зээлийн эх үүсвэрээр хэрэгжүүлж буй Газрын тос боловсруулах үйлдвэр барих, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төслүүд хамаарахыг зааж, үүнээс өөр төсөл хуульд нэмж тусгахыг хориглосон байна.
- Гадаад зээлийн эх үүсвэрээр хэрэгжүүлж буй дээр нэр дурдсан хоёр төслийн санхүүжилтийн ашиглалтын зардал нь дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлээр баталсан нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ болон нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлын хэмжээг нэмэгдүүлж болохоор хуулийн төсөлд тусгажээ.
- Хуулийн төсөлд тухайн жилийн Төсвийн тухай хуулиар батлагдсан гадаад зээлийн санхүүжилтийн ашиглалтын зардал нь Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төслүүдийн ашиглалтын зардлаар нэмэгдэж болох тухай зохицуулалтыг авч үзсэн байна.
- Засгийн газраас энэхүү хуулийн хэрэгжилтийг хэрхэн хангаж буй талаар Улсын Их Хуралд тухайн жилийн төсвийн гүйцэтгэлийн хамт тайлагнах зохицуулалт болон эдгээр төслийн хэрэгжилт, санхүүжилт, төслийн ашиглалттай холбоотой мэдээллийг олон нийтэд тогтмол, ил тод хүргэх талаар тусгасан байна.