
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.05.21/ Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв.Монгол Улс НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг зохион байгуулах гэж буйтай холбогдуулан цөлжилттэй тэмцэх, ногоон бодлогыг амьдралд ойртуулах хүрээнд дэлхий нийтийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж Монгол Улсын Засгийн газраас төслүүдийг боловсруулсныг дурдлаа. Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцыг 1993 онд, конвенцын Парисын хэлэлцээрийг 2016 онд Монгол Улсын Их Хурал соёрхон баталж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох чиглэлээр олон улсын өмнө үүрэг, амлалт хүлээсэн юм.
Иймд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, даван туулах бодлого, арга хэмжээг хэрэгжүүлэх, Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилт, арга хэмжээг урт хугацаанд тогтвортой хэрэгжүүлэх, ногоон санхүүжилт, карбон зах зээлийг хөгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах нэгдсэн эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор хуулийн төслийг боловсруулсан байна.
Хуулийн төсөл нь нийтлэг үндэслэл, төрийн байгууллагын бүрэн эрх, уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, шинжилгээ, дасан зохицох болон даван туулах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, ногоон санхүүжилт, карбон зах зээл, мэдээллийн сан, ил тод байдал, хяналт-шинжилгээ, хариуцлагын зохицуулалт бүхий нийт 9 бүлэг, 32 зүйлтэй. Уур амьсгалын өөрчлөлтийн засаглалын нэгдсэн тогтолцоог бий болгох зохицуулалтуудыг тусгасан байна.
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төслийг баталснаар Монгол Улсад уур амьсгалын эрсдэлээс үүдэлтэй жил тутмын эдийн засгийн алдагдал, нийгэм-эдийн засгийн эмзэг байдлыг бууруулах, улмаар шаардлагатай хөрөнгө оруулалтыг үе шаттайгаар татах, олон улсын карбон зах зээлд үр ашигтай оролцох эрх зүйн суурь бүрдэх юм байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.