
УИХ-ын чуулганы өнөөдөр /2026.05.22/-ийн үдээс өмнөх хуралдааны эхэнд Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл, Монгол Улсын чуулганы дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Монгол Улсын хяналт шалгалтын тухай хуульд, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулж, гишүүдийн олонх дэмжлээ.
Үүний дараа Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн. Мөн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийж, зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураав.

Үргэлжлүүлэн Цусны донорын тухай хуулийн төсөл болон Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа.
Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуулийн төсөлд бизнесийн орчныг сайжруулах, татвар төлөгчдийг дэмжих зорилгоор санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдалд орсон татвар төлөгчийн санхүүгийн чадамж, бизнесийн үйл ажиллагаанд учирч болзошгүй хүндрэл, эрсдэлийг харгалзан дансыг бүхэлд нь битүүмжлэх бус, орлогын тодорхой хувийг суутгах, дансыг хэсэгчлэн битүүмжилж өр барагдуулах үйл ажиллагааг уян хатан болгож, татвар төлөгчийн үндсэн үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх боломжийг бүрдүүлнэ. Хуулийн төслийг баталснаар татвар төлөгчийг татварын эрсдэлд орохоос урьдчилан сэргийлж, татварын өр барагдуулах үйл ажиллагаа уян хатан болохын зэрэгцээ татварын таатай орчин бий болох юм. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.