АРХИВ 2006 он: “Намууд сонгогчдод авилга өгч байна.”
2026-05-24

Улс төрийн намууд бодлого, шийдвэрээрээ өрсөлдөхөөсөө илүү мөнгө тараах, иргэдийн саналыг худалдаж авах зэрэг аргуудыг хэрэглэж өрсөлдөж ирсний жишээ болгон энэхүү ярилцлагыг оруулж байна.

ЗУУНЫ МЭДЭЭ СОНИН

2006.09.01

УИХ-ын 46 дугаар тойргийн  нөхөн сонгуульд оролцож буй МАХН, АН-ынхан сонгогчдыг архидуулах уралдаанд оролцож байна гэж ИЗН-ынхан өчигдөр мэдээлэв.

Тус намын зөвлөх Р.Болд болон Үндэсний хорооны гишүүд дээрх зүйлийг ярьсан юм. Тэд цааш нь, архидалтаас болж 46 дугаар тойрогт гэмт хэрэг, танхайрал газар авч байна. Мөн авлига, хээл хахууль яаж өгч, авдгийг “ах” намууд үлгэрлэн дуурайж байна гэж “ховлов”. Сонгуулийн сурталчилгааны эхэн үед айл бүрд 5000, дунд үед 10 мянга, сүүлийн үед 15 мянган төгрөг өгч байгаа. Үүгээр нь тооцоолоод үзэхэд намууд сонгогчдод 100 сая төгрөгийн авлига өгч байна гэж Р.Болд хэлсэн. Өөрөөр хэлбэл, “ах” намууд түрийвчний томилгооны бохир аргаар ард түмний сонголтод нөлөөлөхөөр улайрч байна гэж ИН-ынхан тодорхойлов.

Нөхөн сонгуульд ИЗН-аас нэр дэвшиж буй Ч.Базар Хөвсгөлийн ард түмэн эд бараа, хөрөнгө мөнгөөр худалдагдахгүй гэдэгт итгэж буй ажээ. Иймээс тэрээр 46 дугаар тойргийн сонгогчдод хандан авлига хээл хахууль, залуучуудыг мансууруулах, эмэгтэй хүнийг чамладаг бурангуй үзлийн эсрэг санал өгөхийг хүссэн мэдэгдэл гаргасан байна. Угаас авлига, хээл хахууль, архидалт нь манай намын бодлоготой харш гэж ИНЗ-ын Үндэсний хорооны гишүүн Б.Доржханд энэ үеэр хэллээ.

Үүний дараа тэд сэтгүүлчдийн асуултад хариулав.

  • Сонгогчдыг архидуулж, мөнгө тарааж буйг хэвлэлийнхэнд мэдээлэхээс гадна СЕХ-нд хандах хэрэгтэй биш үү?

Р.БОЛД:

Бидэнд ийм бодол бий. Эхний ээлжид манай нэр дэвшигч мэдэгдэл гаргалаа. Энэ мэдэгдэл СЕХ-ын чихэнд ч хүрэх байх. Бид СЕХ, тойргийн хороонд хандана. Одоогоос арав хоногийн өмнө манай намын сонгуулийн ерөнхий менежер М.Зоригт дээрх асуудлаар тойргийн хороонд албан шаардлага хүргүүлсэн боловч хариуг нь одоо болтол өгөөгүй байгаа

  • Ч.Базарын рейтинг ямар байгаа вэ?

Хөвсгөлийн сонгогчид Монголд МАХН, АН, ИЗН гэсэн гурван том нам байдаг юм байна гэж ярьж байна. Манай намын сонгуулийн сурталчилгаа бусдынхаас эрх ялгарч байгаа. Ч.Базар сонгуульд амжилттай өрсөлдөнө гэдэгт бид итгэлтэй байна.

  • Тойргийн хороо болон салбар хороодод ИЗН-ын төлөөлөл ямар байгаа вэ?

Тойргийн хороо ерөнхийдөө МАХН, АН гэсэн хоёр талын л төлөөллөөс бүрдсэн. Эх орон намаас нэг л гишүүн байгаа. Салбар хороодод манай намаас тус бүр нэг хүн бий гэв.

Б.НУУР

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

Сэтгэгдэл