Нямбаад нууц үлдэхгүй
2026-05-25

Уушгиныхаа гурван судсыг тасартал үзнэ гэж мэдэгдсэн Хотын дарга асан Х.Нямбаатар өөрийн сошиал хаягаараа хэдэн үг шидэхээс өөрийг хийсэнгүй. Ажлаа албан ёсоор хүлээлцэх хүсэл ч байгаагүй бололтой. Түүнийг үүргийг орлогч даргад нь нэн даруй шилжүүлэв. Харин түүнтэй хамтран ажиллаж байсан зарим хүнийг байцааж эхэлсэн нь анхаарал татаж байна. Тодруулбал, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцаж хэлтсийн ахлах ажилтан Саранцэцэгийг цагдаагаас саатуулж байцаалт авчээ.

Энэ тухай Хотын дарга асан Х.Нямбаатар цахим хуудастаа “Жинхэнэ троллууд эрчтэйгээр дайрч байна даа. Би ажлаа өгчихлөө. Сонгуулийн ялалтаа булаалгалаа. Араас заавал чулуу шидэцгээгээд байвал үзэхээс. Нийслэлийн хэвлэлийн ажилтан Саранцэцэгийг пейжид мэдээ өгсөн гээд 48 цаг саатуулжээ. Иргэн Нямдаваагийн гомдлоор Эрүүгийн хуулийн хакердах зүйл ангиар шалгаж байна. Энэ улс хуультай шүү. Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэж хүн хэлмэгдүүлэхгүй байх хуультай. Жинхэнэ троллуудад яг адил хууль үйлчлэх ёстой шүү” гэжээ. ⚖️Саяхан л уушгиныхаа гурван судсыг тасартал үзнэ гэсэн Х.Нямбаатар дарга араас чулуу шидээд байвал үзэхээс гэснээс харахад нэгэнт албан тушаалаа өгсөн тул тайван байх хүсэлтэй байгаа нь илт.

Гэвч түүнийг тайван байлгахгүй нь тодорхой. Ер нь Х.Нямбаатарын хийсэн болгоныг нэг бүрчлэн шалгах нь тодорхой болж байна. Эрх мэдэл, албан тушаалтай байхад нь хуруугаа ч хөдөлгөөгүй, хууль хүчний байгууллагуудын гол ажил нь одоо Х.Нямбаатарыг шалгах болсон. Бүр Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг байгуулж, нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийн сонгон шалгаруулалт хууль бус зохион байгуулагдсан эсэх, төслийн санхүүжилтийг зориулалтын дагуу зарцуулсан эсэх зэрэг асуудлыг шалгах бөгөөд “Туулын хурдны зам”, “Сэлбэ 20 минутын хот”, “Шинэ тойрог авто зам”-ын урьдчилсан зураг төсөв, техник эдийн засгийн үндэслэл, “Улаанбаатар метро төсөл” гэх мэт томоохон төслүүдэд мөрдөн шалгах ажиллагааг явуулах аж. Хууль хүчний байгууллагаар тогтохгүй УИХ-ын Төсвийн байнгын хорооноос “Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал’’ сэдвээр ирэх сарын 15, 16-ны өдрүүдэд ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулахаар болжээ. Ийм учраас Нямбаад нууц үлдэхгүй.

Сэтгэгдэл