
УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөр /2026.05.25/-ийн ээлжит хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ.
1. Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэж, үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжлээ. Хууль батлах үндэслэл нь одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулиудад хүүхдийн хичээлээс гадуурх хөгжлийн үйл ажиллагааг ерөнхий байдлаар тусгасан байна.УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн нарын 21 гишүүний өргөн мэдүүлсэн Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийн хэрэгцээ, шаардлага, үзэл баримтлалын талаар бүлгийн гишүүдэд мэдээлэл танилцууллаа.
Хуулийн танилцуулгад манай улсын 3.5 сая иргэний 39 хувийг 0–18 насны хүүхэд эзэлж байна. Хүүхэд хамгааллын чиглэлээр одоогоор дагаж мөрдөж байгаа эрх зүйн зохицуулалтад 6–18 насны хүүхдэд зориулсан хичээлээс гадуурх хөгжлийн үйл ажиллагааг ерөнхий байдлаар тусгасан, хэрэгжилтийн механизм тодорхойгүй, санхүүжилт, хүний нөөц, орчны бодит боломж бүрэн бүрдээгүй байна. Иймд хүүхдийн авьяас, сонирхол, чөлөөт цаг, нийгмийн оролцоог дэмжих үйлчилгээг төрийн бодлого, стандарт, санхүүжилтийн тогтолцоотой болгох шаардлагатайг УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн онцоллоо.

Түүнчлэн хүүхэд хичээлийн бус цагаар урлаг, спорт, гадаад хэл, хувь хүний хөгжлийн чиглэлээр тасралтгүй хичээллэх боломжтой болсноор бие бялдар, авьяас чадвар, нийгмийн оролцоо, өөртөө итгэх итгэл нэмэгдэж, дотоод, гадаадын уралдаан тэмцээнд амжилттай оролцох боломж бүрдэх ач холбогдолтойг гишүүд онцлов.
2. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн төсөл болон дагасан хуулиудын талаар мэдээлэл сонсож, хуулийн төслийг дэмжих боломжгүй гэж үзлээ.