
Оюутнуудын ухаарлын долоо хоног дууслаа. Харин манай эрх баригчдын ухаарал дуусахгүй нь ээ. Нэг асуудал гарахаар чухам ухаарч, засаж сайжруулах тухай ярьдаг ч дараагийн бэрхшээл тулгарахад дахиад л ухаарна. Учир нь асуудлаа ул сууриар нь шийдэж чаддаггүй. Үргэлж гал унтраах байдлаар явж ирсний гор нь гарч байна.
Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт Онцгой байдлын салбарын ухаарлын долоо хоног болов. Эх үрсийн баярын өмнөхөн гурван настай охин өрөмдлөгийн цооногт унаж амиа алдсан нь монголын нийгэмд цочроо өгөв. Ингээд тэдний ухаарлын үе шат эхэлж, төрийн өндөр, дээд албан тушаалтнууд ээлж дараалан мэдэгдэл, мэдээлэл хийж эхлэв. Эхлээд Ерөнхий сайд бүх шатанд сахилга, хариуцлагын "зуд" нүүрлэсэнд гайхширсан. Дараа нь Онцгой байдлын ерөнхий газраас сүүлийн жилүүдэд тоног төхөөрөмжөө сайжруулахад анхаарч 38 хувиас 60 хувь хүртэл сайжруулсан… Одоо Засгийн газраас 5.5 их наяд төгрөг гаргаж, тоног төхөөрөмжийн шинэчлэлээ 80 хувьд хүргэхээр болсон гэж мэдээллээ.
Харин хамгийн сүүлд Шадар сайд Н.Номтойбаяр улс орон даяар “Хотулун гүнж” нэртэй хяналт шалгалтын ажиллагаа явуулахаар болсныг дуулгав. Ийнхүү өмнө нь хийгээгүй шалгалтаа заавал хэн нэгэн өөд болсны дараа түүний нэр усаар сүр дуулиантай зарлаж, үзлэг шалгалт зохион байгуулахаар боллоо. Онцгой байдлын салбар бол иргэдийг аюул осолд орохоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах үүрэгтэй. ⚠️Гэвч өнөөдөр хүүхэд амиа алдсан дараа бас нэгэн аюул эрсдэлийг анзаарч, ухаарч байгаа нь харамсалтай.