
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хурлаар Төрийн нууцын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжсэн. "Албаны нууц"-ыг тодорхойлох шалгуурыг хуульчлаагүйгээс энэ ойлголтын хүрээнд төрийн байгууллага бүр өөрсдийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллүүдээ дур зоргоор нууцлах, байгууллагын дарга, удирдлагууд иргэний мэдэх эрхийг зөрчих явдал нийтлэг байсан нь Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс 2023 онд Төрийн болон албаны нууцын тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээнд дурдагдсан байна.
Үүний дараа Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг гишүүдийн олонх дэмжсэн. Төрийн нууцын жагсаалтад нийт 33 байгууллагын 574 мэдээлэл байгаа ажээ. “Монгол Улсын төрийн нууцад хамаарах мэдээллийн жагсаалт"-ыг Засгийн газар 2017 онд баталсан. Ингэснээр УИХ-ын хяналт суларч, төрийн нууцын жагсаалтыг үндэслэлгүй өргөжүүлэх, хүн хүч, техник технологи, зохион байгуулалтын хувьд үр ашиггүй байдлыг үүсгэж байгаа тул энэхүү хуулийн төслийг боловсруулжээ. Хуулийн төсөлд төрийн нууцын жагсаалтыг төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хурлаар хэлэлцүүлэн батлуулдаг байхаар тусгасан байна. Мөн төрийн байгууллага, албан тушаалтан мэдээллийг үндэслэлгүйгээр нууцад хамааруулах явдлаас урьдчилан сэргийлж, улмаар төрд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэн, салбар, байгууллагын хэмжээнд мэдээллийг төрийн нууцад хэт өргөжүүлэн хамааруулах эрсдэл хумигдаж, төрийн нууцыг зөвхөн хуулиар тогтоох Үндсэн хуулийн үзэл санаа баталгаажна гэж хууль санаачлагчид үзэж байна. Төрийн нууцын жагсаалтыг үндэсний аюулгүй байдлын шинэ болон бодит аюул занал (кибер аюулгүй байдал, өндөр технологи, эдийн засгийн аюулгүй байдал) зэрэгт нийцүүлэн шинэчлэх нь чухлыг гишүүд онцолж байв.
Эх сурвалж: УИХ дахь Монгол ардын намын бүлэг