
Ардчилсан намын "4:11 мэдээллийн цаг" ээлжит хэвлэлийн бага хурал өнөөдөр Төрийн ордны III давхарт болж, таван татварыг таван хувь болгох иж бүрэн бодлогын баримт бичгийг урьдчилсан байдлаар танилцууллаа.

Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл "Эдийн засгийн буруу бодлогогын улмаас иргэдийн амьдрал өдрөөс өдөрт доройтож байна. Тиймээс Ардчилсан нам болон намын дэргэдэх бодлого, судалгааны байгууллагаас татварын иж бүрэн шинэчлэлийн үзэл баримтлалыг боловсруулан урьдчилсан байдлаар танилцуулахад бэлэн болоод байна.
Бид 5/5 бодлогын баримт бичгийг хуулийн төслийн түвшинд бэлдэж эхэлнэ. МАН татварын бодлогыг төсвийн орлого бүрдүүлэх, сонгуулийн халамжийг санхүүжүүлэх хэрэгсэл гэж үздэг бол Ардчилсан нам татварын бодлогыг хөрөнгө оруулалт татах, ажлын байр нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих үндсэн хөшүүрэг гэж үздэг" хэмээн ярилаа.

Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд "Эрх баригч намыг авлигатай бодитоор тэмцэж чадахгүй байна. Ядуурал улам бүр газар авч байна гэж иргэд өнөөдөр шүүмжилж байна. Сүүлийн 10 жил дангаар ноёрхсон эрх баригчдын бодлогод хазаар ногт болооч хэмээн ард түмэн бидэнд захиж байна. Сүүлийн тавхан жилийн үнийн өсөлтийг харахад л иргэдийн амьдрал ямар хүнд байдалд орсныг харж болно.

Иргэдэд гоё уриа бус, амьдралыг нь сайжруулах бодит үр дүнтэй бодлого хэрэгтэй. Тиймээс МАН эдийн засгаа эрүүлжүүлж, авлигатай тэмцэх ажлаа эрчимжүүлэх шаардлагатай байна. Хоосон уриа ярьж, элдэв татвараас чөлөөлнө гэж ярьдаг ч дарга нарынхаа үрэлгэн зардал, тансаг хэрэглээ, төсвийн мөнгөөр санхүүждэг давуу эрхүүдийг цэгцлэх хэрэгтэй" гэлээ.