Эзэнгүй суудлын өртөг
2026-06-13

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Халтмаагийн Баттулга 2024 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөж, Хөвсгөл, Булган, Орхон аймгийн найман мандаттай тойргоос нэгээр сонгогдсон. Энэ бол сонгогчдын зүгээс түүнд үзүүлсэн том итгэл байв. Тэгвэл олон нийт түүнд ямар эрх олгосон бэ? Товчоор хэлбэл Хөвсгөл, Булган, Орхон аймгийн иргэдийн төлөөлөл болж, хууль тогтоох үйл явцад идэвхтэй оролцох, баталсан хууль тогтоомжийнхоо хэрэгжилтийг хянаж ажиллах эрх, үүрэг хүлээлгэсэн.

Гэтэл 2024 оны Намрын ээлжит чуулган 29 удаа хуралдахад УИХ-ын гишүүн Х.Баттулга 17 удаа тасалж, таван удаа чөлөөтэй, нэг удаа гадаад томилолттой байв. Ингээд нийт дүнгээр нь харвал 2024 оны Намрын чуулганы нийт хуралдааны 21 хувьд нь оролцсон. 2025 онд мөн ялгаагүй. Хоёр удаагийн нэгдсэн чуулганыг 13 хувь, 22 хувь гэсэн ирцтэйгээр дуусгаж төлөөллийн үүргээ хангалтгүй биелүүлснийг парламентын нээлттэй мэдээллээс харж болно. Эцэст нь “Одоо хуралдаа сууна аа. Ээж байнга загнаад байгаа” хэмээн хэвлэлд яриа өгснөөсөө хойш идэвх, оролцоо нь сайжирчээ. 2026 оны хаврын чуулганы ирцээс харахад Х.Баттулга гишүүн одоогоор 52 хувийн ирцтэй байна.

Энэ бол нэг л жишээ. Уг нь УИХ-ын гишүүд ээж, аавынхаа үгийг сонсохоос гадна сонгосон тойргийнхоо иргэдийн санал хүсэлт, тулгамдсан асуудлыг сонсож, хууль батлан хэрэгжүүлэх замаар шийдвэрлэхэд гол анхаарлаа хандуулах ёстой. Ийм учраас хуралдаа суудаггүй гишүүдийн ард нэг тойргийн иргэд төлөөлөлгүй үлдэж, тэдний гаргасан санал хүсэлт, асуудал бэрхшээл шийдэлгүй хоцордог. Зөвхөн нэг тойргийн иргэдийн эрх ашиг гэж харах нь ч өрөөсгөл. Төрийн түшээ хүн нийт Монголчуудын өмнөөс шийдвэр гаргаж, улсын хөгжлийг урагшлуулахад манлайлан ажиллах ёстой. Гэтэл хариуцлагагүй гишүүдээс болж нэгдсэн чуулган болон байнгын хороодын ирц хүрэхгүй хойшилж, хууль батлах үйл явц удааширдаг. Дээрээс нь улс төрийн зорилготой нам, бүлгүүдийн эрх ашиг, ашиг сонирхол нэмэгдчихвэл төр шийдвэр гаргах чадвараа алдан улс төрийн тогтворгүй, эмзэг байдал руу түлхэх шалтгаан болж байна.

Нэг хуралдаан хойшилсноор хэлэлцэх асуудал дараагийн хуралдаан руу шилжиж, түүний дараах асуудлууд мөн хойшилдог. Мөн санал хураалт явуулах гэхээр гишүүдийн ирц хүрэхгүй, дараагийн өдрийн хуралдаан руу хойшлуулах тохиолдол их ажиглагдаж байна. Энэ бүх хэлэлцэх асуудал хуримтлагдаж явсаар хуулийн төслүүдийг олноор нь нэгэн зэрэг хурдан хугацаанд хэлэлцэж, батлах тохиолдлууд гардаг нь сайны дохио биш. Парламент бол хэлэлцүүлэг, мэтгэлцээн өрнүүлж хуулийн төслийг тал бүрээс нь сайтар хэлэлцсэний эцэст зөв шийдлийг нь хууль болгож батлах учиртай. Гэвч нэг гишүүний хариуцлагагүй байдал нь нийтийн асуудал болж, эцэстээ муу хууль батлагдах, парламент хууль батлах үндсэн ажлаа бүрэн дүүрэн хийж чадахгүй байх нөхцөлийг бүрдүүлж байна.

Харин сөрөг үр дагавар нь хэн дээр буух вэ? Иргэн, аж ахуйн нэгжүүд буюу нөгөө анх сонгосон хүмүүс нь эргээд энэ бүх асуудлыг муу үр дагаварыг нь нуруундаа үүрнэ. Төрийн тодорхойгүй байдал, хууль эрх зүйн алдаа дутагдал нь таны бизнес, өдөр тутмын амьдралд асуудал бэрхшээл үүсгэхээс гадна улс орны хөгжлийг хойш нь татах хүч болдог  нь харамсалтай. Өөрөөр хэлбэл, парламент төлөөллийн үндсэн үүрэг хэрхэн биелүүлж байгаагаас төрийн шийдвэр гаргах тогтолцооны үр ашиг шууд хамаарна. Энэ нь эцэстээр зөвхөн ирц биш парламентын ардчилал бодитоор хэрэгжиж байна уу гэдэгт эргэлзэхэд хүргэнэ. 

Ийм учраас УИХ-ын Тамгын газраас чуулганы танхимд биометрийн бүртгэл нэвтрүүлсэн нь тодорхой үр дүнд хүрч, өмнө нь бусдын өмнөөс кноп дарж гүйдэг байсан буруу жишгийг таслан зогсоосон. Одоо чуулганы ирцийг ил тод мэдээлж, олон нийтэд бодит цагийн горимоор харах боломжтой болгохоор ажиллаж буй нь сайн хэрэг. Гэвч гишүүд хуруугаа уншуулчихаад санал хураалтад оролцдоггүй асуудал байсаар байна. Санал хураах болохоор л УИХ-ын дарга индэр дээрээс гишүүдийг урьж, залах нь холгүй болсон нь нууц биш. Ийм учраас ирцээ бүртгүүлсэн гишүүдийг санал хураалтад биечлэн оролцуулах, оролцоо багатай гишүүдэд ёс зүйн дэд хорооноос хариуцлага тооцох зэргээр гишүүдийн ирц, оролцоо, ёс зүй, сахилга хариуцлагыг сайжруулах зайлшгүй шаардлага үүсээд байна.

Үргэлжлэл бий ...

Сэтгэгдэл