Минимализмын луйвар ба Максимализмын хэлмэгдэл
2026-06-14

"Цөөхөн зүйлээр их хангалуун амьдрах" тухай философи болох минимализм сүүлийн жилүүдэд дэлхий нийтийг байлдан дагуулж байна. Гэвч үүний цаадах туйлын зорилго нь үнэхээр хүний сэтгэлийн амар амгалан руу чиглэдэг үү, эсвэл зах зээлийн бидэнд тулгасан дараагийн "бүтээгдэхүүн" үү?

Минимализмын үндсэн санаа нь хуучин цагийн буддизм, стоицизм зэрэг гүн ухаанаас эхтэй. Хүн эд хөрөнгө, гадаад хүчин зүйлээс хамааралгүй болох тусам дотоод сэтгэлийн эрх чөлөөг олдог гэж үздэг. Гэвч өнөөдөр минимализм өөрөө маш том "Брэнд" болон хувирчээ. Капиталист нийгэм юуг ч хамаагүй ашиг олох хэрэгсэл болгож чаддаг бөгөөд минимализмыг ч тойрч гараагүй бололтой.

1. Хоосон орон зайн "үнэтэй" чамирхал

Инстаграм, сошиал медиагаар дүүрэн цэвэрхэн амьдралын хэв маяг. Эдгээр нь ихэмсэг, тансаг, дээд зэрэглэлийн гэсэн утгыг илэрхийлэх болж минимализмын уг мөн чанар алдагдаж зах зээлийн шинж чанартай болоод байна. Соёлын шүүмжлэгч Кайл Чайка өөрийн "The Longing for Less: Living with Minimalism" номдоо орчин үеийн минимализм хэрхэн Инстаграмд зориулагдсан үнэтэй брэнд гоо зүй болон хувирсныг маш хурцаар шүүмжилсэн байдаг.

Цулгуй, цэвэрхэн харагдахын тулд хүмүүс хуучин өнгөлөг зүйлсээ хаяж, зориуд "минималист дизайнтай" маш үнэтэй тавилга, хувцас, цахилгаан хэрэгслийг худалдаж авч байна. Тэгэхээр энэ нь худалдан авалтаа зогсоосон хэрэг үү, эсвэл зүгээр л өөр төрлийн худалдан авалт уу? Энэ бол хэрэглээг хязгаарлах биш, капитализмын дараагийн хувилбарт тархиа угаалгаж буй хэрэг юм.

Ангийн ялгааны гоо зүй: Нью-Йорк Таймсын алдартай эсээ болох "The Class Politics of Decluttering" нийтлэлд тэмдэглэснээр, гэрээ заавал хоосон, цэлгэр байлгах нь өнөөдөр "баян хүмүүсийн давуу тал" (privilege) болон хувирчээ. Тэдэнд хэрэгцээ гарвал маргааш нь шууд утсаараа захиалаад авчих эдийн засгийн чадамж байгаа тул эд зүйлсээсээ айхгүйгээр салж чаддаг. Харин дундаж болон түүнээс доош орлоготой хүмүүст "хэзээ нэг өдөр хэрэг болно" гээд байгаа зүйлсээ хадгалах нь амьдралынх нь бодит хэрэгцээ, санхүүгийн хамгаалалт болдог байна.

2. Максимализмыг гуйвуулсан нь ба түүний үнэн мөн чанар

Зах зээл өөрийн шинэ бүтээгдэхүүн болох "минималист стиль"-ийг зарахын тулд түүний эсрэг өнгө төрх болох максимализмын мөн чанарыг ч гуйвуулж, эмх замбараагүй, хөгшин, хуучинсаг гэх ойлголтыг түгээх болжээ. Гэвч максимализмын жинхэнэ мөн чанар нь зах зээлийн бус, маш том соёлын болон сэтгэл зүйн ач холбогдолтой.

Алдартай антропологич Даниел Миллерийн "Material Culture and Mass Consumption" болон "The Comfort of Things" судалгааны бүтээлүүд үүнийг шинжлэх ухааны үндэслэлтэй баталдаг.

  • Эд зүйлс бол дурсамжийн архив: Миллерийн үзэж буйгаар хүмүүс эд зүйлсийг зөвхөн "худалдаж авах" (зах зээлийн утгаар) биш, харилцаа болон дурсамжийн гүүр болгож "амь оруулдаг".

  • Сэтгэл зүйн аюулгүй бүс: Хүний гэр дүүрэн байгаа олон жилийн цуглуулга, номууд, аяллын дурсгалууд, эмээгээс өвлөгдөж ирсэн хуучин эдлэлүүд нь тухайн хүний амьдралын түүхийг өөртөө шингээсэн байдаг. Гэр олноос ирэх энэхүү дулаан мэдрэмж нь хүний сэтгэл зүйд маш том хамгаалалт (comfort zone) болдог байна.

Максимализм бол хэт их хэрэглээний дон биш, харин өөрийн туулсан амьдрал, соёл, дурсамжтайгаа амьд холбоотой байхын нэр юм. Жинхэнэ минимализм нь худалдан авалтаа ухамсарлах тухай бол, жинхэнэ максимализм нь байгаа зүйлийнхээ үнэ цэнэ, дурсамжийг хайрлах тухай юм.

Зах зээлийн тархи угаалтад автаж, "минималист" харагдахын тулд өөрийн түүхийг өгүүлэх өнгөлөг зүйлсээ хаях нь соёлын хувьд ч, сэтгэл зүйн хувьд ч хамгийн том хоосон үрэлгэн байдал билээ.

 
Сэтгэгдэл