
1.УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэн батлах хууль, тогтоолын төсөл, үзэл баримтлал, дарааллыг хэлэлцлээ. Тухайлбал, Бизнесийн эрх чөлөөний тухай, Татварын тухай, Нийгмийн даатгалын тухай зэрэг хуулиудыг хаврын чуулганы хугацаанд хэлэлцэхийг бүлгийн гишүүд дэмжлээ.
Бизнесийн эрх чөлөөний тухай хуулиар тусгай зөвшөөрөл, хөрөнгө оруулалт, хүнд суртлыг бууруулж, цахимжуулах нь бизнесийн эрх чөлөөг олгох чухал хууль гэдгийг онцлов. Түүнчлэн Уур амьсгалын тухай хуулийг хэлэлцэх шаардлагатай гэлээ. Хуулийг баталснаар эрчим хүчний өөрчлөлт, ногоон хөгжлийг дэмжих гарцыг нээнэ гэв. Мөн УИХ-ын тухай хууль, Татварын тухай хуулиудыг хэлэлцэж батлах нь зүйтэй гэж бүлгийн гишүүд дэмжлээ.
2.Газрын тосны тухай асуудлыг хэлэлцэж, газрын тосны үйлдвэрт шаардлагатай түүхий тос олборлолтыг нэмэгдүүлэх хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Анх байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээг хэрэгжүүлэх, жилд олборлох түүхий газрын тосыг 1.5 сая тоннд хүргэх зорилго тавин ажиллаж байна. Энэ нь манай улсад байгуулж байгаа газрын тос боловсруулах үйлдвэрт шаардлагатай газрын тосны хэмжээтэй дүйж байгаа гэв. Цаашид нэмэлт хөрөнгө оруулалт хийж, газрын тосны нөөцийг нэмэгдүүлэх асуудал үүнд багтаж байгаа.